БСШУСЯ-ны сайд Ё.Баатарбилэг Архангай аймагт ажиллалаа. Тэрээр багш нарын төлөөлөлтэй уулзаж, салбарын бодлого, үйл ажиллагаа болон Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар мэдээлэл хийлээ.

Мөн Өсвөрийн даамчдын Улсын аварга шалгаруулах тэмцээнд тэргүүлж, Азийн аваргад оролцох эрхээ авсан тус аймгийн баг тамирчдад баяр хүргэж, дэмжлэг туслалцаа үзүүлсэн байна. Дараа нь Хөгжимт драмын театрын шинэ барилгын ажлын явцтай танилцаж, Акми холдинг ХХК-ийг гүйцэтгэлээ эрчимжүүлж, ондоо багтааж дуусгах ажлын график боловсруулж, танилцуулах үүрэг өглөө.

Үүнээс гадна театрын барилгын ашиглалтыг сайжруулах боломжуудыг судлах, байгууллагын ажилчдын хүүхдийн цэцэрлэгийг багтааж болох талаар тооцоо судалгаа хийхийг орон нутгийн холбогдох албаныханд даалгажээ.

Архангай аймгийн Хөгжимт драмын театрын барилгын ажил 2013 оноос эхэлсэн ба 40 хувийн гүйцэтгэлтэй зогссон байсан юм.