Манай улс 2017 онд ОУВС-ийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдаж, өнгөрсөн хугацаанд  тус хөтөлбөрийг таван үе шаттайгаар хэрэгжүүлж нийт 217.33 сая долларын санхүүжилт авсан юм. 

Харин ОУВС-ийн зургаа дахь шатны санхүүжилт өнгөрсөн онд орох ёстой байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшлоод байгаа юм. 

Энэ талаар сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийхдээ “Төгрөгийн тогтвортой байдал, төлбөрийн тэнцлийг хангах чиглэлээр олгох 34 сая долларын санхүүжилт хүлээгдэж байгаа. Уг санхүүжилтийг арилжааны банкуудын өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн эх үүсвэр дээр шалгалт оруулсны үндсэн дээр зургаа дахь шатны санхүүжилт олгогдоно” гэлээ. 

Мөн эдийн засаг тэлэхийн хэрээр арилжааны банкуудыг өөрийн хөрөнгө нэмэгдүүлэх шаардлага тавьж байгаа гэнэ. Учир нь банкууд хөрөнгөө нэмэгдүүлээгүй тохиолдолд эрсдэлд орох магадлалтай гэдгийг тэрээр хэлсэн юм. 

Түүнчлэн ОУВС-ийн ажлын хэсэг ч мөн зургаа дахь шатны үнэлгээг эцэслэх ажлын хүрээнд уг шаардлагыг тавьж байгаа ба энэ нь Монголын хууль тогтоомж, шилдэг туршлагатай нийцэж байгаа эсэхийг тогтоохыг шаардлагыг Монголбанканд тавьсан юм.

Хэрэв уг шаардлагыг хангаагүй тохиолдолд зургаа дахь шатны санхүүжилт олгогдоход хүндрэлтэй байдал үүсэх бөгөөд ОУВС-ийн хөтөлбөр 2020 онд дуусах юм. Энэ хугацаанд санхүүжилтийн бүрэн олгогдож дуусаагүй тохиолдолд манай улс хөтөлбөрийг уртасгах, эсвэл  дахин шинээр хөтөлбөр тохирох байдал үүснэ гэдгийг ОУВС-гийн Монголд ажилласан ажлын хэсгийн ахлагч Жэфф Готтлийб мэдэгдсэн байна.

Сануулахад, Манай улс тус хөтөлбөрийн тав дахь шатны санхүүжилтийг авснаар нийт олгогдох зээлийн 50 хувийг авсан бөгөөд хөтөлбөрийн хүрээнд ойролцоогоор 434.3 сая долларын зээл авах юм.