Нэмүү өртөг шингээсэн  арьс шир, ноос ноолуур, мах, сүү үйлдвэрлэлийг хөгжүүлж, экспортыг нэмэгдүүлэх зорилготой Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийг Засгийн газраас 2018-2020 он хүртэл хэрэгжүүлж байна.

Үүний хүрээнд өнгөрсөн 12-аар сараас ХХААХҮЯ, эмнэлгийн ерөнхий газар, МХЕГ, Монголын махны холбоо зэрэг төр хувийн хэвшлүүд хамтран Арьс, шир үйлдвэрлэл, мах бэлтгэлийн чанарыг сайжруулах дэд төслийг хэрэгжүүлж эхэлжээ.

Одоогоор Улаанбаатар, Дархан-Уул, Орхон аймгийн махны долоон үйлдвэр, арьс ширний гурван үйлдвэрт арьс ширний гэмтэл, гологдлыг тодорхойлох зорилгоор 2749 ширхэг түүхий эдэд судалгаа, туршилтын ажил хийсэн байна.

Мөн цахим ажлын байрны сургалт явуулж, мах, арьс шир бэлтгэлийн чанарыг сайжруулахын тулд зориулалтын технологи, мэргэжлийн багаж хэрэгслийг нэвтрүүлж туршилт хийхээр төлөвлөжээ. Энэхүү дэд төслийн үр дүнг энэ оны гуравдугаар улиралд дүгнэх юм.

Дашрамд дурдахад, манай улсад одоогоор арьс ширний 40 үйлдвэр байгаагаас арьс ширийг хагас боловсруулах 10, гүйцэд боловсруулах 20, үслэг эдлэл, нэхийний үйлдвэр дөрөв, ноос, ноолуур угаах үйлдвэр зургаа байна.

Зураг: ХХААХҮЯ