Засгийн газрын хуралдаанаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журмыг шинэчиллээ.

Ингэснээр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тэнцвэржүүлэн ногдуулахаар ба улмаар татварын орлого нэмэгдэнэ гэж үзжээ. Тухайлбал, ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд төлбөр төлөх юм. 

Улс, орон нутгийн төсөвт төвлөрч буй орлогын 25 орчим хувийг уул уурхайн салбараас бүрдүүлдэг ба дээрх журам төсвийн орлогын бааз, суурийг нэмэгдүүлэхэд тустай байна. 

Журам шинэчлэгдэхээс өмнө ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг зөвхөн тусгай зөвшөөрөл эзэмшигч нар төлдөг байсан юм. Харин эрдэс бүтээгдэхүүнийг зуучлагч, тээвэрлэгч, баяжуулагч ААН болон тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй этгээдүүд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлдөггүй зохицуулалттай байжээ. 

Манай улсад 80 төрлийн ашигт малтмалын 1170 орд, 8000 гаруй илрэл бүртгэгдсэн ба алтны 1619, мөнгөний 227 мянга, зэсийн 36.3 сая, төмрийн хүдрийн 660 сая, цайрын 5.9 сая, нефтийн 250 сая орчим тонн нөөц батлагдсан байна.

Тухайлбал, Эрдэнэт, Оюу толгой, Цагаан суварга, алтны Гацуурт, Тавт, мөнгөний Асгат, Мөнгөн өндөр, төмрийн хүдрийн Баянгол, Төмөртэй, Төмөртэйн овоо, Баргилт зэрэг нөөц ихтэй томоохон орд байгаа юм.