___ Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах газрын дарга Ц.ГАНЗОРИГ: Монгол Улсын Ерөнхий сайд маргааш "AstraZeneca" вакциныг тариулна______

Туурга тусгаар Монгол Улсын Засгийн газар ард иргэдээ Коронавирусийн халдвараас хамгаалж дархлаажуулахаар захиалсан "AstraZeneca" вакцины 150 мянган тунг Хоёрдугаар сарын 22-ны өглөө олон улсын “Чингис хаан” нисэх буудалд хүлээн авлаа. Өнөө орой Хятадын “Sinovac” вакциныг нэмж ачааны онгоцоор татаж авав. Эхнийх нь ДЭМБ-аас баталгаажуулсан, хэрэглэх зөвшөөрөлтэй учраас Хоёрдугаар сарын 23-наас эргэлтэд оруулж хүмүүсийг тарьж эхлэхэд ямар нэгэн саад тотгорын асуудалгүй ажээ. Харин ДЭМБ-аас албан ёсоор зөвшөөрөл өгөөгүй байгаа Хятадын вакциныг түр хадгалж, тус байгууллагаас ойрын хугацаанд коронавирусийн эсрэг дархлаажуулалтад хэрэглэх зөвшөөрөл өгөхийг хүлээх юм байна. Вакцины дархлаажуулалтын үр дүнд үл эргэлзэх зарим хүний үзэл бодол нь, нийгмийн сүлжээгээр дамжин санаатай санамсаргүйгээр нийт ард иргэдийн итгэлийг нураах хэмжээнд хүрч болзошгүй нөхцөл даяаршсан дэлхийн өнцөг булан бүрт гарч байгаа ажээ. Иймээс вакциныг өөрийн биеэр сурталчилж олон нийтэд эерэг ойлголт төрүүлэхийн тулд, зарим улс орны Төрийн тэргүүн, Ерөнхий сайд нар хамгийн эхний ээлжид, олонх нь камерын өмнө тарилга хийлгэж телевизээр үүнийг нь шууд дамжуулж байлаа.

Эдгээр эрхмүүд нь  АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Грекийн Ерөнхийлөгч хатагтай Катерина Сакелларопулос, Ерөнхий сайд Кириакос Мицотакис, Израилын Ерөнхийлөгч Реувен Ривлин, Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху, Сербийн Ерөнхий сайд Ана Брнабич хатагтай, Чехийн Ерөнхий сайд  Андрей Бабиш, Латвийн Ерөнхийлөгч Эгил Левитс, Ерөнхий сайд Кришьянис Кариньш нар билээ. Тэд ДЭМБ-аас яаралтай ашиглах вакцины жагсаалтад оруулж батлан, хэрэглэхийг одоогоор зөвшөөрөөд буй Герман, АНУ-ын эмийн компаниудын "Pfizer” болон Их Британи, Шведийн эрдэмтдийн "AstraZeneca" вакциныг тариулсан.

Мөн ДЭМБ-аас өнөөдөртөө зөвшөөрөл өгөөгүй байгаа Хятадын “Sinovac” вакциныг өөрийн орныхоо иргэдэд зориулж их хэмжээгээр авсан Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодо I.13-нд, Туркийн Ерөнхийлөгч Р.Эрдоган I.14-нд, Чилийн Ерөнхийлөгч Себастьян Пиньера II.13-нд энэ вакцинаараа тус тус тариулж эрсдэлгүй хэмээн сурталчиллаа. Энэ нь ДЭМБ-аас зөвшөөрмөгц монголчууд Та бид “Sinovac” вакцин тариулахад айж эмээх шаардлагагүй болохыг батлан харуулж буй үлгэр дуурайллын сайхан илэрхийлэл, жишээ болж байна.