ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн асуудлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад 11 иргэн, ААН-ээс нийт 11 тэрбум 195 сая 611 мянга 321 төгрөгийг битүүмжилж үүнээс 5.5 тэрбум төгрөгийг нь ЖДҮ-ийн санд буцаан нөхөн төлүүлсэн гэдгийг АТГ-аас мэдээллээ.

Түүнчлэн ЖДҮХС-гаас төрийн өндөр албан тушаалтнууд албан тушаалаа урвуулж, өөрсдийн хамаарал бүхий этгээдүүдэд зээл олгосон есөн этгээдийг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаад байгаа юм.

Үүнээс мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн гэмт хэргийн шинжтэй нь баримтаар тогтоогдсон гурван төрийн өндөр албан тушаалтныг хэргийг тусгаарлаж шийдвэрлэх саналаа прокурорын байгууллагад гаргажээ. Харин одоогоор шүүхэд шилжүүлээгүй байна.

Уг асуудлыг мөрдөн шалгах ажиллагаа дуусах шатандаа орж, зарим хэргүүдийг хянан Нийслэлийн прокурорт хүргүүлсэн байна. Тухайлбал, 70 гаруй төсөлд хэрэг бүртгэл нээн шалгаснаас, гэмт хэргийн шинжгүй 50 гаруйг нь хаах санал гаргажээ.

Эдгээр нь улс төрийн болон төрийн өндөр албан тушаалтантай хамааралгүй, ЖДҮХС-ийн зээлээ зориулалтаар ашигласан иргэн, ААН-үүд байгаа гэнэ.

Мөн тойрогтоо ЖДҮ-ийг хөгжүүлэх зээл авахад нь дэмжлэг үзүүлж, бичиг хийж өгсөн 18 гишүүн болон түүний дэмжсэн иргэн хуулийн этгээдийн хэргийг хаах саналаа  Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн байна.

Дашрамд дурдахад, өнгөрсөн онд ЖДҮХС-гаас зээл авахаар хүсэлт гаргасан 1544 иргэн, ААН байгаагаас 216 нь л төсөлд шалгаран зээл авчээ.