УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, гурван асуудлыг хэлэлцсэн байна. Тодруулбал, С.Зоригийн хэрэгтэй холбоотой эрүүдэн шүүлт явагдсан гэх асуудал, Ерөнхий прокурорын орлогчийн зөвшилцөх Ерөнхийлөгчийн санал, АТГ-ын дарга, дэд даргыг чөлөөлөх асуудлыг хэлэлцжээ.

МАН-ын бүлэг С.Зоригийн хэргийг шийдвэрлэх явцдаа иргэдийг эрүүдэн шүүсэн бичлэгийг ил болгох нь зүйтэй гэж үзжээ. Мөн энэ асуудлаар ажлын хэсэг гаргаж, эрүүдэн шүүсэн гэх асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцүүлэх шийдвэр гаргасан байна.

Үүнээс гадна Ерөнхий прокурорын орлогчийг зөвшилцөх, АТГ-ын дарга, дэд даргыг чөлөөлөх асуудлыг хойшлуулжээ. Учир нь С.Зоригийн хэрэг эцэслэн шийдэгдсэний дараа эдгээр асуудлыг хэлэлцэх нь зүйтэй гэж МАН бүлэг үзсэн байна.

Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий прокурорын орлогчоор А.Цэрэнсодномыг томилох санал дэвшүүлсэн юм.