АТГ-ын мөрдөн шалгах хэлтсээс эхний зургадугаар сард гэмт хэргийн шинжтэй 552 гомдол, мэдээлэл хянан үзэж, 287 хэрэг бүртгэл нээх, 209 нээхээс татгалзсан санал гаргасан бол 45 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу прокурорт шилжүүлжээ. Одоогоор 31 гомдол шалгагдаж байгаа ба энэ сард мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн 47 хувийг шийдвэрлэжээ.

Хэрэг бүртгэлтийн шинээр нээсэн зарим хэргийн товч мэдээлэл,

  • МУИС-ийн эрх бүхий албан тушаалтан нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж санхүүгийн дүрэм, журам зөрчиж, улсын мөнгө үндсэлгүйгээр зарцуулсан
  • БСШУСЯ-д ажиллаж байсан эрх бүхий албан тушаалтан тендер сонгон шалгаруулалтгүйгээр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж 43.6 сая төгрөгийг шилжүүлсэн, мөн төсөвт тусгагдаагүй зардал гарган 23.1 сая төгрөгийн тавилга, эд хогшлыг худалдан авч өөртөө болон бусдад давуу байдал олгосон
  • ХСИС-ийн сургалт хариуцсан чанарын албаны эрх бүхий албан тушаалтан нь 2018-2019 оны хичээлийн жилийн бакалаврын элсэлтийн шалгалтын оноо хүрээгүй элсэгчээс хахууль авсан зэрэг хэрэгт мөрдөн шалгалт явуулж байна.

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах санал хүргүүлсэн зарим хэргийн товч мэдээлэл,

  • Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын Барилга байгууламж хяналтын удирдах албан тушаалтан хот төлөвлөлтөнд тусгагдаагүй барилга, байгууламжийн “Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ”-г гаргахдаа албаны чиг үүргээ хэрэгжүүлснийхээ хариуд хээл хахууль авсан;
  • Ховд аймгийн Цэцэг сумын нутагт орших Мянган угалзат нурууны тусгай хамгаалалттай байгалийн цогцолборт Цагаан-Эрэг нэртэй газарт нөхөн сэргээлтийн ажил хийх нэрийдлээр хууль бусаар ашигт малтмал олборлохдоо орон нутгийн болон хууль хяналтын эрх бүхий албан тушаалтныг оролцуулсан зохион байгуулалтай гэмт бүлэглэлийн шинжтэй хэрэгт
  • Орхон аймгийн Өмчийн харилцааны удирдах албан тушаалд ажиллаж байсан албан тушаалтан нь нийтийн албан тушаалд ажиллах явцдаа өөрийн хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй, улмаар албан тушаалаасаа огцорсоны дараа онц их хэмжээний хөрөнгөөр орон сууцны зориулалттай барилга барьж, өөрийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулан авсан хөрөнгийн эх үүсвэр нь хууль ёсны болох нь тогтоогдохгүй байгаа үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналыг прокурорт хүргүүлжээ.

АТГ-аас өнөөдөр энэ сард хийсэн ажлын тайлан мэдээллээ танилцуулна. Хамгийг сүүлд АТГ ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ойрын хүнийг авлигалын хэрэгт холбогдуулан саатуулсан гэх мэдээлэл гараад байгаа юм.