Бид тоймлоё, Та унш

2019.03.19 Мягмар                                                   -2°C   2,631.60  Жаргал ирнэ

Чухлыг тоймлоё


Гишүүд хуралдаж эхэллээ

Ээлжит бус чуулган 3/18-ны 10:00 цагт 73.3%-н ирцтэйгээр эхэллээ. Чуулганыг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлсэн ба парламентын төлөвшил, гишүүдийн сахилга хариуцлага, Үндсэн хуулийг нэмэлт өөрчлөлт зэргийг анхаарна гэлээ. Мөн С.Зоригийн хэрэгтэй холбоотойгоор ОУ-ын парламентын холбоотой хамтарч түр ажлын хэсэг байгуулна гэв.

Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэх юм уу?

Үгүй. Гэхдээ ажлын хэсэг байгуулж мэргэжилтнүүдийн дунд хэлэлцүүлэг зохиож, 4/1-с өмнө нам эвслүүдээс Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой санал авна. Үндсэн хуулийг өөрчлөх асуудалд талууд өөр өөр байр суурьтай байгаа ба сөрөг хүчин болох АН ард нийтийн санал асуулгаар өөрчлөх ёстой гэлээ.

АН-аас салаалсан шинэ нам

ЗГ-ыг огцруулах удирдлагын шийдвэрийг биелүүлээгүй гэх шалтгаанаар АН-аас хөөгдсөн Л.Болд, Ж.Батзандан нар “Монголын хөгжлийн төлөө” гэх нам байгуулж буйгаа зарлалаа. Ийнхүү тэд МАНАН-ийн гар хөл болсон АН-ыг шинэчилж, эх орныхоо төлөө ажиллана гэлээ. Одоогоор тус намыг Дээд шүүхэд бүртгүүлээгүй байгаа ба ойрын хугацаанд намын дүрэм үзэл баримтлалаа батлах гэнэ.


Бэлгэвчтэй АТМ

Үйлдвэрлэл, инновацийн газраас Монголд анхны бэлгэвчний АТМ-ыг туршиж байна. Энэхүү бэлгэвчтэй АТМ нь залуусын бэлгийн боловсролын дээшлүүлж, тэдний бэлгэвч худалдан авахад гардаг хүндрэлүүдийг бууруулах зорилгоор бүтээгджээ. Уг АТМ одоогоор ганцхан Үйлдвэрлэл, инновацийн газар байгаа ба цаашид олон нийтийн газруудад байршуулах юм.


Сэрэмжлүүлэг: Гал түймрээс сэргийлье

Дорнодын Дашбалбар суманд хээрийн түймэр гарч, 1000 орчим га талбай шатсан ба 70 хүн түймрийн голомтод 3 цаг ажиллаж бүрэн унтраасан байна. Ийнхүү хуурайшилт эхэлсэн энэ үед асаасан гал, шүдэнз, татсан тамхины иш зэргийг бүрэн унтрааж, сонор сэрэмжтэй байхыг ОБЕГ-аас анхаарууллаа. Мөн өнжмөл шар өвсийг шатаахгүй байхыг зөвлөсөн ба он гарсаар өнжмөл шар өвсөө шатааж байгаад гал алдсан 27 дуудлага иржээ.


Индонезод үер болж, 70 гаруй хүн амиа алдлаа

Индонезийн Папуа мужид үер, хөрсний нуралт үүсэж 70 гаруй хүн амиа алдаж, 60 гаруй хүн сураггүй болжээ. Аврагчид сураггүй болсон иргэдийг хайж байгаа ба амиа алдсан иргэдийн тоо өсөх магадлалтай байна. Хөрсний нуралтаас үүдэн зам хаагдаж, 2 гүүр, 100 гаруй байшин усанд автан 4000 гаруй оршин суугч гэрээ орхиж, зарим нь ЗГ-ын байшинд хорогдож байгаа гэнэ.


Попын хааны эд зүйлийг үзэсгэлэнгээс буулгалаа

Өнгөрсөн 1 сард цацагдсан Майкл Жэксон бага насны 2 хүүд бэлгийн хүчирхийлэл үзүүлсэн талаарх баримтат киноноос болж Америкийн хүүхдийн музей түүний малгай, бээлий, гарын үсэгтэй зурагт хуудсыг үзэсгэлэнгийн танхимаас буулгалаа. Мөн Шинэ Зеланд, Канадын радиогоор Жэксоны дууг явуулахыг хориглосон бол Манчестерийн хөлбөмбөгийн музей түүний хөшөөг буулгаж, The Simpsons шоу Жэксоны дуу оруулсан ангийг цацахаа зогсоосон байна. Жэксон 1993, 2003 онд бага насны 2 хүүд бэлгийн хүчирхийлэл үзүүлсэн хэрэгт холбогдож байсан ч нас барах хүртлээ буруугаа хүлээгээгүй юм.

Таны сонорт


Өнөөдөр ихэнх нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурна.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр