Японы засгийн газар 2011 онд осолдсон Фукушимагийн атомын цахилгаан станцын ойролцоох Окума хотын хоёр дүүрэгт нэвтрэх хоригийг цуцаллаа. Учир нь ослоос долоон км зайтай орших тус хотын өнгөн хөрсийг хуулах, модыг тайрах, байшин барилга, замыг угаах зэрэг ариутгалын ажил хийснээр цацраг идэвхит бодисын хэмжээг бууруулсан байна. Ингэснээр оршин суугчид Окума хотын 40 гаруй хувьд эргэн суурьших боломжтой болжээ.

Тус улсад 2011 онд болсон газар хөдлөлт, цунамигийн улмаас Фукушимагийн атомын цахилгаан станцын зургаан реакторын гурваас нь их хэмжээний цацраг идэвхит бодис алдагдсан байна. Улмаар 160 мянга гаруй оршин суугч орон гэрээ орхин дүрвэсэн ба Засгийн газар тус бүсэд нэвтрэх хориг тавьсан юм.

Өнгөрсөн сарын байдлаар 40 мянга гаруй иргэн орон гэртээ харих боломжгүй хэвээр байсан юм. Үүний 10 мянга гаруй нь Окума хотын оршин суугчид юм. Энэ удаад Окума хотын хоёр дүүргийн 367 оршин суугчид гэртээ харих боломжтой байна.

Тус хотын Огавара дүүрэгт ирэх сард 50 байшин, дэлгүүр бүхий шинэ хотхон ашиглалтад орох гэнэ. Харин  төмөр замын буудлын ойролцоох хотын төв хэсэг цацраг идэвхит туяаны хэмжээнээс үүдэн хаалттай хэвээр байх юм. Мөн хотын эмнэлэг хоёр жилийн дараа үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх учир иргэд ойролцоох хотуудын эмнэлэгт үйлчлүүлэх хэрэгтэй гэнэ.

Өнгөрсөн онд хийсэн судалгаагаар Фукушима мужийн оршин суугчдын 12.5 хувь нь гэртээ харих хүсэлтэй юм байна. Гэсэн ч засгийн газрын зүгээс ирэх онд Футаба хотын 5980 оршин суугчийг гэрт нь буцаахаар төлөвлөжээ.

Эх сурвалж: Al jazeera, RT