Уулзалтаар хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцсан байна.

Манай талаас улс төр, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, соёл боловсрол зэрэг салбарт харилцаагаа өргөжүүлэх хүсэлт тавьж, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаад талархлаа илэрхийлжээ.

Мөн дээд, өндөр түвшний харилцан айлчлалыг эрчимжүүлж, ГХЯ хоорондын ээлжит уулзалтыг есдүгээр сард Улаанбаатар хотод зохион байгуулахаар боллоо.

Сонирхуулахад, Лхагва гарагийн Засгийн газрын хуралдаанаар “Ажиллах болон амрах визийн тохиролцооны тухай” Монгол, Австралийн Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичгийн төслийг дэмжсэн. Ингэснээр Австрали руу ажиллах болон амрах нөхцлөөр виз гарах юм.

Гэхдээ энэ төрлийн визэд хамрагдах хүсэлтэй иргэн дээд боловсролтой, эсвэл дээд сургуульд хамгийн багадаа хоёр жил сурсан, англи хэлний IELTS-ийн 4.5 оноотой, онгоцны ирэх-буцах тийз болон санхүүгийн баталгаатай байх ёстой юм.