Австралийн шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газар Самсунгийн компанийг худал сурталчилгаа явуулсан хэргээр шүүхэд өглөө. Тодруулбал, 2016 оны хоёрдугаар сараас хойш Галакси утасны 15 загварын 300 гаруй сурталчилгаа телевиз, радио, онлайн болон нийгмийн сүлжээгээр цацагдсан байна. 

Сурталчилгаанд Галакси брендийн утаснууд далай, усан сан зэрэг бүх төрлийн усанд 1.5 метрийн гүнд 30 минут ашиглах боломжтой гэсэн юм. Гэвч Самсунг компаний зүгээс усан дотор ашиглаж байгаад ажиллагаагүй болсон зарим утсыг засварлахаас татгалзсан учир сурталчилгаагаар дамжуулан худал мэдээлэл өгсөн гэж Австралийн тал үзжээ. 

Харин Самсунг компани буруугаа хүлээгээгүй байна. Хэрэв уг хэрэг Австралийн талд шийдэгдвэл Самсунг компани өнгөрсөн оны есдүгээр сарын нэгээс хойш бүртгэгдсэн бүх зөрчилд тус бүр долоон сая долларын торгууль төлөх юм. 

Самсунг компаний албан ёсны вэб сайтад Галакси S10 загварын утсыг далайн эрэг, усан сангийн ойролцоо ашиглахгүй байхыг зөвлөжээ. 

Өмнөд Солонгосын элекстрон бараа үйлдвэрлэгч Самсунг компани Австралийн гар утасны зах зээлд Apple компаний дараа бичигддэг ба өнгөрсөн онд дөрвөн сая гар утас худалдаалсан байна. 

Эх сурвалж: CNN, Engadget