Австралид энэ жил ойн түймэр, үер, мөндөр болж их хэмжээний хохирол амсаж байгаа юм. Энэхүү цаг уурын тогтворгүй байдал хорт аалзны амьдрахад таатай нөхцлийг бүрдүүлж байна гэдгийг судлаачид анхаарууллаа. 

Өндөр аюултай, хурдан үйлчилгээтэй хор ялгаруулдаг уг аалз нь чийглэг ойн бүсэд амьдардаг ба сүүлийн үед бороо их орж байгаа нь аалзны тоо толгойг өсгөж байгаа юм. 

Мэргэжилтнүүдийн хэлснээр уг аалз нь ихэвчлэн зуны цагт идэвхитэй болдог ба энэ жил цаг агаар хуурай байгаагаас болж аалзны улирал хожуу эхлэх төлөвтэй байжээ. Гэсэн ч байшингийн дээвэр, шалан доор амьдарч байсан аалзнууд борооноор гарч ирэн хүмүүсийг хазаж улмаар аминд нь хүрэх эрсдэлтэй байгаа гэнэ. 

Өнгөрсөн долдугаар сараас хойш Австралид 18.6 сая га газар түймэрт автаж, 30 хүн амиа алдаж, нэг тэрбум амьтан үхээд байна. 

Гэвч өнгөрсөн долоо хоногт их хэмжээний бороо орж зарим хэсэгт түймэр унтарч эхэлсэн ч үер болсон юм. Мөн зүүн өмнөд хэсэгт их хэмжээний шороон шуурга болж дараагийн өдөр нь гольфийн бөмбөгний хэмжээтэй мөндөр оржээ. 

Эх сурвалж: CNN, Global news