Цахилгаан автомашины цэнэглэгч станцыг нийслэлийн өмчийн нийтийн эзэмшлийн авто зогсоол, талбайд байрлуулах ажил эхэллээ. Ингэснээр цахилгаан машинтай жолооч нар өөрт ойр газраасаа машинаа цэнэглэх боломжтой болох юм.

Цэнэглэгч төхөөрөмж худалдан авах, суурилуулах, ашиглах, орчныг тохижуулах, засвар үйлчилгээг өөрийн хөрөнгөөр, мэргэжлийн байгууллагуудаас тавьсан хууль ёсны шаардлага, олон улсын стандартад нийцүүлэн хийх урилгыг хоёр удаа нээлттэй зарласан байна. Ийнхүү Глобал моторс ХХК, Номин ойл ХХК, Топологи ХХК-иуд санал ирүүлсний дагуу ажлыг гүйцэтгэхээр болжээ.

Эдгээр ААН-үүд хэрэглэгчийн аюулгүй байдлыг дээд зэргээр хангах, энэ онд багтаан цэнэглэгчүүдийг ашиглалтад оруулах үүрэг хүлээсэн бөгөөд Нийслэлээс уг үйлчилгээтэй холбоотой аюулгүй ажиллагааны заавар, зөвлөмжийг ил харагдахуйц, энгийн ойлгогдохуйц байдлаар байрлуулах гэнэ.

Цахилгаан тэжээлт автомашины хэрэглээ дэлхий нийтэд 2008 оноос эрс нэмэгдсэн ба 15-20 жилийн дараа томоохон автомашин үйлдвэрлэгчид машиныхаа 90 хувийг цахилгаан болгох зорилтыг тавьжээ.

Тодруулбал, Хятад шатахуунаар ажилладаг автомашины үйлдвэрлэлийг зогсоохоор төлөвлөж байгаа бол Энэтхэг 2030 он гэхэд бүх автомашиныг цахилгаан хөдөлгүүртэйгээр үйлдвэрлэх зорилт тавьсан байна.

Манай улсын хувьд цахилгаан автомашины хэрэглээг дэмжихийн тулд импортоор авдаг шатахууны зардлыг бууруулж, валютын нөөцийг хэмнэн, дотоодын эрчим хүчний эх үүсвэрийг ашиглах нь зүйтэй гэж албаныхан үзжээ.

Сонирхуулбал, Улаанбаатар утааны 10 хувийг автомашины яндангаас гарах хорт утаа эзэлдэг байна. Мөн энэ утаа хүүхдийг таргалалтад хүргэдэг гэдгийг Америкийн эрдэмтэд тогтоосон.

Тиймээс төр засгийн зүгээс цахилгаан машиныг хэрэглээг дэмжиж авто замын хөдөлгөөнд дугаарын хязгаарлалтгүй оролцуулж, зам ашиглалтын төлбөрөөс чөлөөлөөд байгаа юм.