Иргэдийн аюулгүй тайван зорчих эрхийг хангаж, жолоочийн сахилга дүрмийг нэмэгдүүлэн автобусанд үйлдэгдэж буй халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор нийтийн тээврийг камержуулах ажлыг хийж байна.

Энэ хүрээнд Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ бүх автобуснуудаа онлайн сүлжээнд холболоо. Ингэснээр автобусанд болж буй бүхий л үйл явцыг удирдлагын төвөөс хянаж, зохицуулалт хийх боломжтой болсон байна.

Цаашид нийслэлийн бүх автобусыг камержуулж, онлайнд холбох юм. Камерын хувьд стандартын шаардлага хангасан гэж албаныхан мэдэгдлээ. Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ-ын 80 автобусны дөрвийнх нь камер л ажилладаг байжээ.

Сануулбал, хулгай, дээрмээс сэргийлэх үүднээс ирэх сарын нэгэн гэхэд нийслэлд явж байгаа бүх автобусны камерыг ажиллуулахаар болсон юм. Уг нь 2015 онд автобуснуудад цахим төлбөрийн систем нэвтрүүлж эхэлсэнтэй зэрэгцэн 1200 гаруй камер суурилуулсан юм. Энэ нь нийт нэг тэрбум төгрөгийн өртгөөр хийгдсэн ч 80 орчим хувь нь ажилладаггүй байна.

Гэвч хулгайн гэмт хэргийн 17 хувь нь автобусанд үйлдэгддэг ба автобусны хулгайн 94 хувийг гар утас эзэлж байгаа юм.