Солонгосын Аж үйлдвэр, худалдааны яамны харьяа Монгол дахь төлөөлөгчийн газар Котро Улаанбаатар, Нийслэлийн тээврийн газар хамтран нийтийн тээврийн яндангаас гарах утааг шүүх технологийг нэвтрүүлэх ажлыг хэрэгжүүлэхээр санамж бичиг байгууллаа.

Солонгосын Серакомб компаний үйлдвэрлэсэн DPF шүүлтүүрийг таван автобусанд туршиж байгаа юм. Уг шүүлтүүрийг 2008, 2010 онд мөн туршиж байсан бөгөөд тээврийн хэрэгслийн яндангаас гарах хорт утааг 85-97 хувь хүртэл бууруулах боломжтой гэнэ.

DPF шүүлтүүр нь хорт бодис, тоосонцрыг өндөр градуст бүрэн шатаах замаар өөрийгөө цэвэрлэх технологитой ба үүнийг Серакомб компани 25 жил үйлдвэрлэж байгаа гэдгийг Солонгосын тал онцоллоо.

Шүүлтүүр хэчнээн төгрөгийн үнэтэй нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд туршилт амжилттай болбол үнэ ханшийг тохирох юм байна. DPF шүүлтүүрийг Солонгос, Хятад, Иран, Тайланд зэрэг долоон улс амжилттай хэрэгжүүлж байгаа гэнэ.

Сонирхуулбал, Улаанбаатар хотын нийтийн тээвэрт үйлчилж буй бүртгэлтэй 1200 орчим том оврын автобус байгаагийн 80 хувь нь насжилт өндөртэй хуучин тээврийн хэрэгсэл байгаа юм. Ингэснээр энэ оны эцэст нийт 220 орчим тээврийн хэрэгсэл үйлчилгээнээс хасагдана гэж Нийслэлийн тээврийн газраас мэдээлсэн байна.