НЗДТГ-аас Цэвэр агаартай-Автомашингүй өдөр арга хэмжээг энэ амралтын өдрүүдэд зохион байгуулахаар шийдвэрлэсэн юм. 

Энэ хүрээнд Зүүн дөрвөн замаас Баруун дөрвөн зам, Сөүлийн гудамж, Бага тойруу, Самбуугийн гудамж, Бээжингийн гудамж, Токиогийн гудамж, Сансрын тойргоос зүүн дөрвөн зам хүртэлх автозамын хөдөлгөөнийг хаахаар боллоо. Гэхдээ автомашингүй өдөр ганцхан өдөр үргэлжлэх ба Ням гарагийн 07:00-18:00 цагт замын хөдөлгөөнийг хязгаарлах юм.

Иймд дээрх гудамж, замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн чиглэлийг Нарны зам, Их тойруугаар түр зорчуулахаар шийдвэрлэсэн байна.

Мөн энэхүү арга хэмжээний хүрээнд албан байгууллагууд орчныхоо хог хаягдлыг цэвэрлэж, байгууллагын хана, фасад, цонх, хаяг сандал, хогийн сав, үүд довжоо зэргийг угааж, гадна талбайгаа чийгшүүлэх юм. 

Харин Нийслэлийн харьяа газар, агентлагууд хуваарийн дагуу Туул, Дунд гол дагуу цэвэрлэгээ хийнэ. Үүнээс гадна дээрх арга хэмжээнд гэр, байшингийн дулаалгын материал, халаалтын шийдэл, эко автомашин, шинэ дэвшилтэт технологийг танилцуулах юм. Түүнчлэн 5000 дугуйчны парад, шохойн зургийн уралдаан, спорт, урлагийн арга хэмжээнүүд зохиогдоно. 

Сонирхуулбал, Улаанбаатарт 530 гаруй мянган автомашин бүртгэлтэй байгаагийн 420 мянга нь байнгын хөдөлгөөнд оролцдог байна.