Авлигагүй нийгмийн төлөө хамтдаа! Энэ бол авлигын индексээр 180 орноос 103-т орсон Монгол улсын Авлигатай тэмцэх газрын уриа. Анх 2007 онд байгуулагдсан тус газрын одоогийн даргыг олон нийтийн санал болгосны дагуу УИХ-д мэдүүлнэ гэж ерөнхийлөгч Х.Баттулга мэдэгдэв.

Байгуулагдаад арав гаруйхан жил болж буй “хараат бус,ил тод байх” үндсэн зарчимтай тус байгууллагын даргын үүрэгт хугацаа зургаан жил. Гэтэл энэ хугацаанд нийт дөрвөн даргын нүүр үзсэнээс нэг нь амиа алдаж, нэг нь шоронд хоригдож, дараагийнх нь өөрийн хүсэлтээр огцорсон байх юм.

Тэд хэн байв?

Б.Дангаасүрэн /2007/

Зураг: zindaa.mn

АТГ-ын анхны дарга түүнийг шударга, зарчимч хүн байсан гэдэг. Тэрээр Австралийн Сидней хотод тус оны 10 сарын 25-нд таван албан тушаалтантай хамт хуралд оролцох гэж яваад учир битүүлгээр амиа алдсан. Түүний үхлийн шалтгааныг Нийслэлийн прокурор гэмт хэргийн бүрэлдхүүнгүй гэж үзээд хэрэгсэхгүй болгож байв.

Талийгаачийн цогцос эх орондоо ирэхдээ нүдгүй буюу нүднийх нь алимны оронд шар бөөрөнхий хуванцар наасан, олон хавирга нь хугарсан, Австралийн шүүхийн шинжилгээний хариу Монголынхтой зөрсөн зэрэг олон эргэлзээтэй баримтууд байсаар байтал прокурор хэргийг хэрэгсэхгүй болголоо хэмээн түүний дүү Б.Дансал ярьж байв.

Намтар: Б.Дангаасүрэн нь 1951 онд Ховд аймгийн Манхан суманд төрсөн. 1975 онд ОХУ-ын Эрхүү хотын улсын их сургууль төгссөн, хуульч мэргэжилтэй. Дээд шүүхэд ахлах зааварлагч, Нийслэлийн шүүхэд орлогч дарга, Дээд шүүхийн гишүүн, хэлтсийн дарга, МАХН-ын Төв хороонд зааварлагч, тасгийн эрхлэгч, Дээд шүүхийн орлогч, нэгдүгээр орлогч дарга, Эрүүгийн хэрэг эрхэлсэн шүүх коллегийн дарга, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Дээд шүүхийн шүүгч, Шүүхийн сахилгын хорооны ажлын албанд хянан шалгагч, Дээд шүүхийн судалгааны төвийн захирал зэрэг албыг хашиж байгаад АТГ-ын даргаар томилогдсон юм.

Талийгаач Б.Дангаасүрэнг 2006 оны арванхоёрдугаар сарын 28-нд УИХ-ын 96 дугаар тогтоолоор АТГ-ын даргаар томилсон байдаг. Эх сурвалж: www.wikimon.mn

Ч.Сангарагчаа /2007-2011/

Зураг: wikimon

Эрүүгийн хуулийн Гүйцэтгэх ажиллагааны тухай хууль тогтоомжийг зөрчсөн хэмээн түүнд анхан шатны шүүхээс 2,4 жилийн ял оноосон юм. Давж заалдсан ч Дээд шүүх түүний ялын хэмжээг хэвээр үлдээсэн юм. Тэрээр яллагдсанаас хойш зургаан жилийн дараа буюу 2017 онд АТГ-аас 36 сарын цалин буюу нийт 43 сая гаруй төгрөгийн тэтгэмжийг хуулийн авсан байдаг.

Намтар: Тэрбээр 1951 онд Завхан аймгийн Дєрвєлжин суманд тєрсєн. 1974 онд ОХУ-ын Ростов хотын ДЯЯ-ны сургууль, 1990 онд ОХУ-ын ДЯЯ-ны удирдлагын академийг эрх зvйч, удирдпагын менежер мэргэжлээр тєгсчээ. Цагдаа, туслах тєлєєлєгч, ахлах тєлєєлєгч, Ажилчны районы Цагдан сэргийлэх хэлтсийн орлогч дарга бєгєєд Эрvvгийн тасгийн дарга, Хан-Уул дvvргийн Цагдаагийн хэлтсийн дарга, Нийслэлийн Цагдаагийн газрын дэд дарга, Эрvvгийн цагдаагийн газрын хэлтсийн дарга, ЦЕГ-ын 803 дугаар ангийн захирагч бєгєєд Цагдан хорих тєвийн дарга, Цагдаагийн академид гvйцэтгэх ажлын тэнхмийн эрхлэгч, ЭЦГ-ын дэд дарга бєгєєд Онц хvнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, ЭЦГ-ын дэд дарга бєгєєд Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, ТЕГ-ын Мөрдөн байцаах хэлтсийн даргаар ажиллаж байжээ. Эх сурвалж: olloo.mn

Н.Ганболд /2011-2016/

Одоогийн байдлаар Монголын түүхэнд хамгийн удаан АТГ-ын даргаар ажилласан хүн. Үүрэгт хугацаа нь дуусахаас нэг жилийн өмнө өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан. “Эрүүл мэнддээ анхаарах шаардлагатай болсон учраас хүсэлт гаргасан. Ямар нэгэн тохироо байхгүй” гэж тэрээр тайлбарлаж байлаа.
Намтар: Н.Ганболд 1956 онд Улаанбаатар хотод төрсөн. ЗХУ-ын Дотоод явдлын яамны дээд сургуулийг төгсөж хуульч, эрх зүйч мэргэжил эзэмшин, тус сургуульд мөн магистрын зэрэг хамгаалжээ. Улаанбаатар төмөр замын илчит тэрэгний депод засварчин, бригадын дарга, мастер, Төмөр замын цагдан сэргийлэх ангид сэргийлэгч, эрүүгийн төлөөлөгч, ахлах төлөөлөгч, НАХЯ-ны Төмөр зам дахь хэлтсийн орлогч дарга, Цагдан сэргийлэх ангийн дарга, Эрдэнэт хот дахь Цагдаагийн хэлтсийн дарга, Нийслэлийн Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтсийн дарга, ЦЕГ-ын Хэв журмын хэлтсийн дарга бөгөөд Нийслэлийн Цагдаагийн газрын орлогч, Нийслэлийн Цагдаагийн газрын дарга бөгөөд Улаанбаатар Цагдаагийн хүрээний дарга, ТЕГ-ын дарга, Монгол улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны зөвлөх, консулын хэлтсийн даргаар тус тус ажиллаж байжээ. Эх сурвалж: wikipedia.org

Х.Энхжаргал /2016-одоо/

Зураг: iaac.mn

Н.Ганболдын оронд 2016 оны 7 сард томилогдсон. Түүний үүрэгт хугацаа дууссан учир Ерөнхийлөгч дараагийн хүнийг хайх болсон тухай сэтгүүлч түүнээс асуух үед “Яахав ээ яахав” хэмээн хээв нэг хариулсан дарга.

Намтар:  1964 онд Улаанбаатар хотод төрсөн. 1972-1982 онд ерөнхий боловсролын сургууль, 1982-1987 онд Нийгмийг аюулаас хамгаалах яамны дэргэдэх Цэргийн дээд сургуулийг хуульч мэргэжлээр, 1995-1996 онд Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институтийг Төрийн удирдлагын менежерээр тус тус дүүргэсэн. Хууль эрх зүйн магистрын зэрэг хамгаалсан.

1987-1992 онд Налайх дүүргийн Цагдан сэргийлэх хэлтэст өмчийн төлөөлөгч, ахлах төлөөлөгч, 1992-1996 онд Эрдэнэт хотын Цагдаагийн хэлтэст Эдийн засгийн ахлах төлөөлөгч, 1996-2008 онд Төв аймгийн Цагдаагийн газрын дэд дарга, дарга, 2008 онд Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийн дарга, 2008-2012 онд Замын цагдаагийн газрын дарга, 2015-2016 онд Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл технологийн төвийн даргаар тус тус ажиллаж байсан.

2016 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн Улсын Их Хурлын 7 дугаар тогтоолоор Авлигатай тэмцэх газрын даргаар томилогдон ажиллаж байна. Эх сурвалж: iaac.mn