Австралийн хүн ам урьдчилсан таамгаас 10 жилийн өмнө буюу маргааш 11:00 цагт 25 саяд хүрэх гэнэ. Тус улсын Засгийн газрын мэдээллээс үзэхэд жил бүр олон мянган дүрвэгч, цагаач иргэдийг хүлээн авдаг ба тэр бүрд орон байр, машин, сургууль, эмнэлэг зэргийн хэрэгцээ нэмэгдэн эдийн засгийг нь өсгөсөн байна.

Цаашлаад, энэ байдлаар гурван жилийн дараа хүн ам 26 сая болно гэж Австралийн статистикийн газар тооцоолжээ. Судалгаагаар хүн амын өсөлтийн 62 хувь нь цагаач, үлдсэн 38 хувь нь нутгийн иргэд гэнэ.

Түүнчлэн  ABC агентлагийн хүн амын өсөлтийн тооцоогоор Австралийн хүн ам 83 секунд тутамд нэг хүнээр өсдөг ба орж ирж буй цагаачдын тоо төрөлтөөс илүү байгаа юм.

Одоогоор 25 сая дахь иргэн ямар хүн байх нь тодорхойгүй ч улс төрийн тайлбарлагч Жорж Мегалогенис мэргэжлээрээ ажиллах эсвэл сурахаар ирж буй залуухан Хятад эмэгтэй байна гэж таамагласан байна.

The Melbourne city skyline, looking over trams and the Princes Bridge.

Цагаач, дүрвэгсдийн тоо хурдацтай өссөнөөр Австралийн дэд бүтэц хүрэлцэхгүй болж, хотуудын нягтшил ихсэн, хөдөлмөрийн зах зээл өргөжсөнөөр цалингийн өсөлтийг хязгаарласан зэрэг эдийн засаг, нийгэмд үзүүлж буй нөлөөлөл нь маргаан дэгдээх болсон байна.

3AW гэх радиогийн нэвтрүүлгийн үеэр Австралийн сангийн дарга  Скотт Моррисоноос 25 сая хүнийг байлгаж чадах эсэхийг асуухад, “Ололт амжилт гэдэг бол дэд бүтцэд хөрөнгө оруулах явдал юм. Тийм ч учраас бид хүн амын өсөлтийг харгалзан 75 тэрбум долларын дэд бүтцийн төлөвлөгөө гаргасан” гэж хариулжээ

Хүн амын тооллогын мэдээллээс харахад Австралийн цагаач иргэдийн дийлэнх нь Англи, Хятад, Шинэ Зеланд, Энэтхэгээс ирсэн хүмүүс бөгөөд тус улсын эдийн засгийн ололт амжилт цагаачдын хөдөлмөрөөс бүрдсэн гэнэ.

Гэвч улс төрч Полин Хансон Австрали дахь тэгш бус байдлыг цагаачдын тооноос болсон гэдэг бол сенатч Дийн Смит хүн амын өсөлтийг хянах уриалга гаргасан анхны Засгийн газрын гишүүн байжээ. Дийн Смит их хэмжээний цагаачдыг хүлээн авснаар улсын томоохон хотуудын дэд бүтэц ачаалах болсон гэж шүүмжилсэн байна.

Эх сурвалж: Reuters, ABC