МУГЖ Т.Ариунаагийн нөхөр Г.Буяндорж нэр бүхий шүүгч, прокурорын авлига авсан гэх 65 хуудас баримтыг Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболдод өгч, хууль хяналтын байгууллагаар шалгуулах хүсэлт гаргалаа. 

Тэрээр Ноёд группийн охин компани Ноёд констракшн компанийг хуулийн байгууллагын нэр бүхий хүмүүс зохион байгуулалттайгаар бүлэглэж, дээрэмдсэн гэж мэдэгдсэн юм. Уг хэрэгтэй холбоотойгоор Г.Буяндорж сүүлийн есөн жил хуулийн байгууллагаар шалгагдсан ч шүүхээр цагаатгагдсан байна. 

Тэрээр БЗД-ийн ерөнхий прокурор Ц.Батболд, Улсын ерөнхий прокурор Ж.Сандагсүрэн, Нийслэлийн прокурорын хяналтын газрын прокурор асан н.Халиун нар өөрийг дарамталж, их хэмжээний мөнгө нэхэмжилсэн гэж хэллээ. 

Тухайлбал, н.Халиун нь Г.Буяндоржид холбогдох хэргийг шалгахдаа 100 мянган долларын авлига өгөхийг шаардсан байна. Гэвч тэрээр нэхэмжилсэн мөнгийг нь өгөх боломжгүй гэж хэлснээр Эрүүгийн хуулийн таван зүйл ангиар 1.2 жил цагдан хоригджээ. 

Үүний дараа хэргийг нь шүүхэд шилжүүлж 16 удаа шүүх хуралд орж, нийт компанийнхаа 25 тэрбум төгрөгийг алдсан гэнэ. Иймд Ерөнхийлөгчийн тамгын газарт хандсан байна. 

Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд хүсэлтийг нь авсны дараа, "Ерөнхийлөгч Ерөнхий прокурорыг томилдог учир хурдан арга хэмжээ авна" гэж мэдэгдлээ.