Авлигын талаарх олон нийтийн ойлголт, мэдлэг тогтоох судалгааг Сант марал болон Азийн сангаас танилцууллаа.

Судалгаанд оролцогчдын 93.6 хувь нь Монголд авлига нийтлэг үзэгдэл болсон гэж дүгнэсэн байна. Мөн иргэдийн 3.3 хувь нь өнгөрсөн гурван сард хээл хахуулийн шинжтэй зүйл өгсөн гэдгээ хүлээн зөвшөөрчээ. 

Үүнээс гадна улс төрийн намууд хамгийн их авлигад өртсөн байгууллагаар нэрлэгдсэн бол араас нь хууль шүүхийн байгууллага орсон байна. Судалгаанд оролцсон хүмүүсийн 87 хувь нь төр, засгийн авлигатай тэмцэх үйл ажиллагаа хангалтгүй гэж дүгнэжээ. 

Сонирхуулбал, энэ оны хагас жилийн байдлаар авлигалын гэмт хэргийн улмаас улсад 11 их наяд төгрөгийн хохирол учирсныг АТГ-аас мэдээлсэн юм. Үүний 376 сая төгрөгийг л нөхөн төлүүлсэн байна. Иймд нийтийн оролцоог урамшуулах зорилгоор Авлигын эсрэг хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатар санаачилсан юм.

Хуулийн төсөлд авлигын асуудлаар ирүүлсэн мэдээлэл үнэн болох нь тогтоогдвол АТГ-т хураагдсан бэлэн мөнгө болон эд хөрөнгийн нийт үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх мөнгөн урамшууллыг мэдээлсэн этгээдэд олгохоор тусгажээ.