Авлигатай тэмцэх газар энэ оны эхний хагас жилд хуульд заасан харьяаллын 984 үйлдэлтэй, 283 холбогдогчтой, 834 хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулжээ.

Үүнээс 78 буюу 9.4 хувийг шүүхэд шилжүүлэх, 308 буюу 36.9 хувийг хэрэг бүртгэлтийн хэрэг хаах саналтай, 51 буюу 6.1 хувийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлсэн байна.

Мөн 11 хэргийг нэгтгэн шалгаж, хоёр хэргийг түдгэлзүүлсэн ба одоогоор 384 эрүүгийн хэрэг шалгаж байна. Үүнээс хэрэг бүртгэлтийн 335 хэрэг, мөрдөн байцаалтын 49 хэрэг байгаа ба мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн шийдвэрлэлт 53.7 хувьтай байгаа юм.

Түүнчлэн хагас жилийн байдлаар авлигалын гэмт хэргийн улмаас 11.901.374.285.250 төгрөгийн хохирол учирсныг АТГ-аас мэдээллээ. 

Харин мөрдөн шалгах ажиллагааны явцад дээрх хохирлоос 376.031.820 төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, 129.830.489.400 төгрөгөөр үнэлэгдэх үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө, автомашин, тоног төхөөрөмж, бэлэн мөнгийг битүүмжилсэн байна.

Дашрамд дурдахад, Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын Авлигалын эсрэг сүлжээнээс манай улсын авлигалын орчинд үнэлгээ хийсэн юм. Уг үнэлгээний тайланд манай улсад томоохон хэмжээний авлигал газар авсан гэдгийг онцолжээ.