Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Авлигын эсрэг сүлжээний зөвлөхүүд Монгол улсын авлигын орчинд хийсэн дөрөв дэх удаагийн судалгаа тайланг танилцууллаа. 

Энэ удаагийн тайланд авлигын эсрэг бодлого, авлигын урьчдилсан сэргийлэх үзүүлэлт, авлигын хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэж буй байдал, улс төрийн намын санхүүжилт гэсэн дөрвөн асуудлыг онцолсон байна. 

Мөн тайланд манай улсад авлигын эсрэг хэрэгжүүлбэл зохих 29 зөвлөмжийг тусгажээ. Энэхүү тайланд тусгагдсан онцлох зөвлөмж, үнэлгээ, мэдээллийг танилцуулъя.

Тайланд дурдсанаар авлигатай тэмцэх гол субъект болох АТГ-т янз бүрийн улс төрийн нөлөөлөл, дарамт шахалт байгааг дурдаж, төрийн бусад байгууллагаас хамтран ажиллах тусалж дэмжих асуудал дутагдалтай байгааг онцолжээ. Иймд АТГ зүй бус нөлөөллөөс ангид өөрийн чиг үүргийг хэрэгжүүлэх нөхцөлийг бий болгох нь туйлын чухал гэдгийг дурдсан байна.

Мөн төрийн алба хэт их улс төржсөн, улс төрийн хамаарлаар томилгоо хийдэг байдлыг дурдаж, төрийн албыг мэргэшүүлэх, тогтвортой байдлыг хангах, өрсөлдөх чадвар болон цалин хөлсний тогтолцоог ил тод болгохыг зөвлөжээ. 

Авлигын эсрэг сүлжээний зөвлөх Андрей Кухарукийн дурдсанаар Монголд томоохон хэмжээний авилга газар авсан байдалтай байгаа нь хамгийн том асуудал гэв. Мөн улс төрийн өндөр албан тушаалтанд хамаарах ёс зүй, шударга байдлыг мөрдүүлэх тал дээр дорвитой ажиллаагүй гэж дүгнэжээ. 

Харин эсрэгээрээ авлигын мэдээлэгч буюу шүгэл үлээгчийг хамгаалах эрхзүйн орчин бүрдээгүй тул энэ чиглэлд цоо шинэ систем бүрдүүлж, цогц эрх зүйн орчныг бүрдүүлэх хэрэгтэйг санууллаа.

Түүнчлэн авлигын хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудал учир дутагдалтай байгааг анхааруулсан юм. Тайланд дурдсанаар ял шийтгэл хэт үр дүнгүй, гэмт хэрэгт дүйцэхээргүй, энэ гэмт хэргээс сэргийлэх чадамжгүй байна гэж дүгнэсэн байна.

Мөн авлигын гэмт хэргийн шүүх таслах ажиллагааг дордуулж буй нэг зүйл нь хөөн хэлэлцэх хугацааг хэт богино тогтоож, халдашгүй байдлыг төрийн маш олон төрлийн албан тушаалд хамааруулж, ерөнхий томьёолсон байгаа нь нөлөөлж байгаа гэв. 

Шүүх, прокурорын хараат бус байдал хуульдаа ч, бодит байдалд ч бүрэн хангагдаагүй гэжээ. Тэр тусмаа дээрх байгууллагын шийдвэр гаргалт, томилгоо зэрэгт улс төрийн хүрээнээс хэт их оролцоотой, төсөв санхүүгийн олголт буурсан тул орон тоо дүүргэлт байхгүй гэж дүгнэжээ.

Дээд шатны прокурор доод шатны прокурортоо заавар өгөх зэрэг тус байгууллага дотооддоо бие даан ажиллах чадамжгүй, Прокурорын байгууллагад Ерөнхийлөгчийн эрх мэдэл хэт өндөр байна гэсэн юм.

Сануулахад, авлигын гэмт хэргийн ял шийтгэл тухайн хэрэгтэй нийцэхгүй байгааг харуулсан хэргийг АТГ-аас ил болгосон юм. Тухайлбал, МХЕГ-ын экспорт, импортын хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Н.Баярсайханы гэрээс авлигалд авсан 230.8 сая төгрөг, 152.177 доллар, 77.000 юанийг бэлнээр хураасан юм. Гэвч түүнийг нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасаж, 40 сая төгрөгөөр торгосон юм. 

Мөн Автотээврийн үндэсний төвийн тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаяр 57.500.000 төгрөгийн хахууль авсан нь тогтоогдсон ч шүүхээс нийтийн албанд томилох эрхийг гурван жилээр хасаж, 6.5 сая төгрөгийн торгох ялаар шийтгэсэн байна.