Нийслэлийн прокурорын газраас авлигын улмаас төр, нийтийн ашиг сонирхолд учруулсан хохирлын нөхөн төлбөр болон шүүхээс хэрхэн ял, шийтгэл оногдуулсан талаарх судалгааг гаргалаа.

Нийслэлийн хэмжээнд сүүлийн гурван жилийн байдлаар авлигын 261 гэмт хэрэг шалгагдаж үүний улмаас нийт 23.049.678.600 төгрөгийн хохирол учирсан байна.

Харин үүнээс 6.052.669.093 төгрөгийн хохирлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад нөхөн төлүүлж, шүүх 16.459.118.600 төгрөгийн хохирлыг шүүгдэгч нараас гаргуулахаар шийдвэрлэжээ.

Судалгааны явцад хөөн хэлэлцэх хугацаа дууссан, Өршөөлийн хуулиар хэрэгсэхгүй болсон 25 хэргээс хохирол нөхөн төлөгдөөгүй зургаан хэргийн 537.890.907 төгрөгийн хохирлыг буруутай этгээдүүдээс гаргуулахаар Прокуророос холбогдох төрийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

Мөн Прокуророос сүүлийн хоёр жил болон энэ оны эхний хоёр сарын байдлаар эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, хахууль авах, өгөх, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 128 шүүгдэгчид холбогдох 45 хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ.

Эдгээр шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулсан байдлыг судлахад 38 хувьд нь торгох, 52 хувьд хорих ял, үлдсэн хувьд нь тэнссэн оноосон байна. Мөн шүүгдэгч нь гэм буруугаа хүлээж, заримыг нь Өршөөл үзүүлэх тухай хууль болон хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ.