Нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор замыг А, В, С бүсчлэлд хуваах зохицуулалт хийхээр төлөвлөсөн юм. 

Уг зохицуулалтыг энэ сард багтаан хэрэгжүүлэхээр төлөвлөж, иргэдийн дунд хагас сар орчим санал асуулга явуулсан байна. Уг санал асуулгын хугацаа өнөөдөр дуусаж байгаа бөгөөд санал өгсөн иргэдийн 64 хувь нь дэмжихгүй, 36 хувь нь дэмжсэн санал өгчээ.

Иймд иргэдийн саналыг харгалзан бүсчлэлд хуваах асуудлыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан ажлыг тодорхой хугацаагаар хойшлууллаа. 

Нийслэлийн авто замын сүлжээ анх 10 мянга гаруй машин явахаар төлөвлөгдсөн ч өнөөдрийн байдлаар 300-350 мянга нь тогтмол хөдөлгөөнд оролцож, ачааллаа дийлэхээ байсныг албаныхан мэдэгдсэн юм.

Харин замын сүлжээг цаашид нэмэгдүүлэх боломжгүй гэж үзэн түгжрэлийг шийдвэрлэх хамгийн оновчтой арга нь бүсчлэлд хуваах асуудал гэдгийг мэдэгдсэн юм. 

Хэрэв иргэд бүсчлэлд хуваах асуудлыг дэмжихгүй бол цаашид дугаарын хязгаарлалтыг тэгш сондгойгоор үйлчилдэг болгох, хотын төвийн нягтралыг бууруулах өөр аргачлал боловсруулна гэдгийг албаныхан хэлсэн байна. 

Дашрамд дурдахад, энэ сарын 23-ны 06:00 цагаас 24-ний өдрийн 00:00 цаг хүртэл цахилгааны утас солихтой холбоотойгоор Нарантуул худалдааны төвийн хойд талын авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлах юм. 

Тээврийн Цагдаагийн Алба-н зураг.