Монголд авто замын салбар үүсэж хөгжсөний түүхт 90 жилийн ойн баяр наадам өнгөрөгч амралтын өдрүүдэд Хүй долоон худагт болж өндөрлөлөө.

Уг баяр наадмын хүчит бөхийн барилдаанд улсын аварга Ч.Санжаадамба, шинэхэн аварга Э.Оюунболд, арслан П.Бүрэнтөгс, заан М.Өсөхбаяр тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой 128 бөх зодоглолоо.

Барилдааны их шөвөгт улсын заан М.Өсөхбаяр, М.Бямбадорж, улсын начин Б.Амарзаяа, аймгийн арслан Л.Лха-Очир нар үлдсэнээс Архангай аймгийн харьяат, улсын начин Б.Амарзаяа түрүүлж, аймгийн арслан Л.Лха-Очир үзүүрлэжээ. 

Харин энэхүү наадамд барилдсан хоёр аварга барилдаанаа эрт дуусгасан юм. Тухайлбал, аварга Ч.Санжаадамба хоёрын даваанд Өвөрхангай аймгийн харьяат сумын заан О.Хишигбаатарт өвдөг шороодсон бол Э.Оюунболд аварга гурвын даваанд тодорхойгүй шалтгааны улмаас барилдалгүй наадмыг орхижээ. 

Авто замын салбар үүсэж хөгжсөний түүхт 90 жилийн ойн баяр наадамд түрүүлсэн бөхийг 10 сая төгрөгөөр, үзүүрлэсэн бөхийг таван сая төгрөгөөр урамшуулсан байна.

Дашрамд дурдахад, улсын баяр наадамд тав давсан бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу гарсантай холбоотойгоор энэ жил улсын баяр наадамд шөвгийн 16-д үлдсэн бөхчүүд мэдэгдэл хийсэн юм.

Шөвгийн 16-д үлдсэн бөхчүүдээс 15 нь өөрийн цахим хаягаар дамжуулан шинжилгээний хариу нь хэвийн гарсан гэдгээ мэдэгдсэн бол одоогоор шинэхэн аварга Э.Оюунболд ганцаараа мэдэгдэл хийгээгүй байна.