Элчин сайдуудтай хийсэн уулзалтын эхэнд сайд Н.Цэрэнбат Ирантай түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх, усны менежментийн туршлага судлах зэргээр хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

Үүнийг Ираны элчин сайд Муххамед Кешаварзадех дэмжиж Ил хаант улсын үеийн музейн үзмэрүүдийг Монголын музейд түр хугацаагаар байршуулах боломжтой гэжээ. Мөн тэрбээр перс хэлний чиглэлээр суралцах сонирхолтой Монгол оюутнуудад тэтгэлэг олгох боломжтой гэсэн байна.

Харин Ливан улсын аялал жуулчлал, усны салбарын туршлагаас хуваалцаж, хамтарч ажиллах талаар хэлэлцжээ. Хариуд нь элчин сайд Мила Жаббор бүх талаар хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн юм.

Сонирхуулбал, манай улс Ирантай 1971 онд дипломат харилцаа тогтоосон бол Ливантай 1998 онд дипломат харилцаа тогтоосон байна. Иранаас нефтийн кокс, этилений полимер, усан үзэм, хатаасан жимс, гурилан бүтээгдэхүүн импортоор авч хонь, ямааны мах экспортолдог юм.