Аялалд гарахаасаа өмнө техникийн бүрэн бүтэн байдлаа хангаж, аялалд авч явах зүйлсийн жагсаалтаа гаргах нь чухал юм. Тиймээс аялалд гарахдаа зайлшгүй авч явах зарим зүйлсийн талаар товчхон танилцуулъя. 

Эмийн сан 

Хөвөн, бинт, өвчин намдаах эм, гэдэсний эм, антибиотик, харшлын эм, хросол, бөөлжилт, дотор муухай оргилтыг намдаах эм, халууны шил зэргийг зайлшгүй авах шаардлагатай байна. Мөн шумуулын эсрэг тос, хамгаалалтын тортой малгай, нарны тос зэргийг хэрхэвч мартаж болохгүй. 

Дулаан хувцас 

Хэдийгээр зуны нарлаг өдрүүд үргэлжилж байгаа ч зарим үед бороотой сэрүүхэн болно гэдгийг санахад илүүдэхгүй. Мөн ус нэвтэрдэггүй цув, куртик, усны гутлаа заавал аваарай. 

Ариун цэвэр сахихаа мартваа 

Магадгүй гараа угаах боломжгүй үед гарвал ариутгагч шингэнийг хэрэглээрэй. Хэрэв гараа ариутгалгүйгээр хоол хүнсээ идвэл гэдэсний халдварт өвчнөөр өвдөх эрсдэлтэй юм шүү. Үүнээс гадна саван, шампунь, оо, нүүр цэвэрлэгч шингэн, нүүрний тос, гар чийдэн, шүдэнзээ аваарай. 

Амарч зугаалах үедээ заавал мөрдөх журам:

Хогоо хаяхгүй байх 

Хэрэглэж дууссан зүйлсээ байгальд тэр чигээр нь хаяад явах нь соёлтой хүний зан яав ч биш. Магадгүй та ганц хоёрхон ундааны сав хаялаа гээд яавал гэж хэмээн бодож байвал тун эндүүрэл. Учир нь нэг ширхэг тамхины иш байгальд шингэхийн тулд гурван сар, хуванцар сав 100-1000 жил болдог байна. Иймд аялал зугаалгаар явахдаа хогоо зориулалтын цэгт хаяж хэвшээрэй. Энэ нь таны хүүхдэд ч сайн үлгэр дуурайлал болно. 

Гал түймрээс сэргийлэх 

Ил гал түлсэн бол заавал бүрэн унтраагаарай. Галыг бүрэн үнс болтол нь унтрааж, шороогоор булах нь зүйтэй. Таны дутуу унтраасан гал нар, салхины аясаар түймэр дэгдээх аюултай юм шүү. 

Гол усыг бохирдуулахгүй байх

Ойр орчимд тань ариун цэврийн байгууламж байхгүй байсан гол, горхи, нуур усны ойр орчимд бие засаж болохгүй. Мөн гол усанд цус, сүү дусаах, хиртэй хувцас, машин угаахгүй байхыг эрхэмлээрэй. 

Аюулгүй байдлаа хангах 

Дийлэнх аялагчид газан плитка авч явдаг. Тэгвэл ахуйн хэрэглээний газыг наранд нар шууд тусах хайрцагт ч байрлуулах нь гал алдах, тэсрэх эрсдэлтэй юм. Үүнээс гадна  ядарсан үедээ жолоо барихгүй байх, сайн мэдэхгүй замаар хурдтай давхихгүй байж, гол усны дэргэд амарч, зугаалах үедээ бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулаарай.