Тулгар Төрийн 2228, Их Монгол улс байгуулагдсаны 813, Ардын Хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан азарганы уралдаанд барианд орлоо.

Морин спорт уяачдын холбооны мэдээлснээр азарганы уралдааны үеэр хүүхэд мориноос унаж гэмтээгүй байна. Энэ жилийн наадамд 228 хурдан хүлэг бүртгүүлснээс 163 азарга гарааны зурвасаас гарч 22 км уралдаж барианд орсон юм. Тодруулбал,

  1. Дорнод аймгийн Баянтүмэн сумын харьяат, тод манлай уяач О.Батбилэгийн хонгор халзан азарга 

  2. Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат, аймгийн алдарт уяач Н.Баттөмөрийн сартай хонгор азарга

  3. Хан-Уул дүүргийн харьяат П.Мөнхтулгын бор азарга

  4. Дорноговь аймгийн Хөвсгөл сумын харьяат, аймгийн алдарт уяач Д.Эрдэнэбатын мөлүү хул азарга

  5. Архангай аймгийн Хотонт сумын харьяат Д.Лхагвасүрэнгийн хар азарга тус тус хурдаллаа.

Хөтөлбөрийн дагуу өнөөдөр их насны морьд 14.00-17.00 цагийн хооронд уралдах бол маргааш 07:00-10:30 цагт соёолон, 10:30-12:30 цагт дааганы уралдаан болно.

Сануулбал, өнгөрсөн жил 153 азарга мордож Төв аймгийн Угтаалцайдам сумын уяач Б.Баттөрийн халиун азарга түрүүлсэн юм.