Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн хот болон нийгмийн салбар хариуцсан дарга Сангэй Пенжортой уулзлаа. Уулзалтаар Азийн хөгжлийн банкнаас Эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж буй зээл, буцалтгүй тусламж болон техник туслалцааны төслүүдийн хэрэгжилт болон шинэ төсөл, хөтөлбөрийн талаар санал солилцсон байна.

Мөн Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр энэ оноос эхлэн 10 жилийн хугацаатай хэрэгжих төслийн талаар хэлэлцжээ. Энэхүү хөтөлбөр нь эмзэг бүлгийн иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах зорилготой юм.

Төслийн нийт санхүүжилт 160 сая доллар бөгөөд олон шатлалт санхүүжилтийн хөтөлбөрийн дагуу 3 үе шаттайгаар санхүүжих юм. Тодруулбал, эхний үе шат 80 сая доллар, хоёр дахь шат 40 сая доллар, гурав дахь шатанд 40 сая долларыг олгоно.

Тус төслийн хүрээнд Ховд аймгийн бүсийн оношилгооны эмчилгээний төв, ХУД-ийн нэгдсэн эмнэлгийн барилгын засвар, өргөтгөл, ЧД-ийн нэгдсэн эмнэлгийн барилга, Яаралтай тусламжийн төвийн барилга, сумын эрүүл мэндийн төвийн зургаан барилга, өрхийн эрүүл мэндийн төвийн зургаан барилгыг барих юм байна.

Түүнчлэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний стратегийн худалдан авагчийн тогтолцоо бий болгох, эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх үйл ажиллагаа хэрэгжих гэнэ.

Азийн хөгжлийн банк нь 1993 оноос хойш манай улсын эрүүл мэндийн салбарын тогтолцоог өөрчлөн шинэчлэхэд техникийн болон арга зүйн дэмжлэг үзүүлж байгаа юм. Өнөөдрийн байдлаар 84.9 сая долларын таван зээлийн төсөл, 37 сая долларын долоон удаагийн буцалтгүй тусламж, 10.65 сая долларын 15 техникийн туслалцааны төслүүд хэрэгжүүлсэн байна.