Гэр хороолол, хөдөө орон нутагт эрүүл мэндийн чанартай тусламж үйлчилгээ хүргэх зорилго бүхий 80 сая долларын зээлийн хэлэлцээр, буцалтгүй тусламжийн гэрээнд гарын үсэг зурлаа. 

Энэхүү төсөл нь 158.34 сая долларын санхүүжилттэй Эмзэг бүлгийн иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн хүрээнд зурагдаж буй эхний шатны төсөл юм. 

Хөтөлбөрийн хүрээнд мэс засал, эх барих, эмэгтэйчүүд зэрэг бусад тусламж үйлчилгээг цогц үзүүлэх дүүргийн нэгдсэн эмнэлгийг Чингэлтэй, Хан-Уул дүүрэгт ашиглалтад оруулна. 

Мөн Ховд, Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн хүчин чадлыг өргөжүүлж, Улсын түргэн тусламжийн төвийг шинэчлэн сайжруулах юм. Мөн анхан шатны тусламж үйлчилгээг бэхжүүлэх зорилгоор зургаан сумын эрүүл мэндийн төвийг хөдөө орон нутагт, 10 өрхийн эрүүл мэндийн төвийг Улаанбаатар хотод байгуулна. 

Азийн хөгжлийн банк нь 1993 оноос хойш манай улсын эрүүл мэндийн салбарын тогтолцоог өөрчлөн шинэчлэхэд техникийн болон арга зүйн дэмжлэг үзүүлж байгаа юм. Өнөөдрийн байдлаар 84.9 сая долларын таван зээлийн төсөл, 37 сая долларын долоон удаагийн буцалтгүй тусламж, 10.65 сая долларын 15 техникийн туслалцааны төслүүд хэрэгжүүлсэн байна.