Чуулганы хуралдаанаар ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл олгосон асуудлаар сайд Б.Батзоригийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэж, гишүүдийн 76 хувь нь дэмжлээ.  

Түүний эхнэр Л.Отгонжаргалын Тээвэр ачлал ХХК ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас тэрбум дөрвөн зуун саяын хөнгөлөлттэй зээл авсан гэдэг нь нотлогдсон юм. Энэ асуудлыг өнгөрсөн сарын 31-нд МАН бүлэг хэлэлцэн Б.Батзоригийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх санал гаргасан ч тэрээр өөрөө огцрох хүсэлтээ өгсөн юм.

Харин сөрөг хүчний зүгээс ЖДҮ-ийн асуудал Б.Батзориг сайдыг золионд гаргаснаар дуусах ёсгүй гэдгийг чуулганы үеэр хэллээ.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Я.Санжмятав “ЖДҮ-ийн зээл олгосон асуудал дан ганц Б.Батзоригийн хийсэн ажил биш. Би үүнийг МАН-ын даалгавар гэж харж байгаа. Шүд сугалах зарчмаар нэгнээрээ туг тахиж хариуцлагаас мултардаг асуудлаа хэзээ болих вэ” гэлээ.

Харин сайд Б.Батзориг ард түмэн болоод салбараасаа уучлалт гуйж байгаагаа илэрхийлсэн бөгөөд тэрээр У.Хүрэлсүхийн Засгийн газраас огцорч буй хоёр дахь сайд болж байна.

Сануулахад, ЖДҮ-ээс зээл авсан гишүүдийг АТГ шалгаж байгаа ба уг асуудлаар Б.Батзоригийг УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэх саналыг өчигдөр Прокуророос ирүүлсэн юм. Хуулийн дагуу Прокуророос ирүүлсэн саналыг 48 цагийн дотор хэлэлцэн шийдвэрлэх ёстой байдаг байна.