ТЕГ-ын дарга асан генерал Б.Хурцын хоригдох хугацаа өчигдөр дууссан бөгөөд Нийслэлийн прокурорын газраас Б.Хурцыг цагдан хорих хугацааг 15 хоногийн хугацаагаар сунгуулах саналаа шүүхэд хүргүүлжээ.

Улмаар Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт заасныг үндэслэн Б.Хурцын цагдан хорих хугацааг дахин 15 хоногоор сунгаж шийдвэрлэлээ.

Б.Хурц нь С.Зоригийн амийг бүрэлгэсэн гэх хэрэгт холбогдон ял шийтгүүлсэн Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, хүчээр хэрэг хүлээлгэсэн гэх хэрэгт холбогдуулан шалгаж байгаа юм.

Түүнчлэн С.Зориг агсны хэрэгт сэжиглэгдэж байсан Д.Энхбатыг гурван улсын хилээр дамнуулан хулгайлан авчирч эрүүдэн шүүж, амь насыг нь хохироосон хэрэг юм. Үүнтэй холбоотойгоор талийгаач Д.Энхбат агсны хүүхдүүд Улсын ерөнхий прокурорт уг хэргийг шалгах өргөдөл гаргасан байна.

Мөн Эрдэнэтийн 51 хувь, Стандарт банкны хэрэгтэй холбогдуулан шалгаж байгаа гэх албан бус мэдээлэл ч байгаа юм.