Унгарын нийслэл Будадешт хотноо болж буй чөлөөт бөхийн ДАШТ-ээс эмэгтэйчүүдийн 59 кг-д ОУХМ Б.Шоовдор хүрэл медаль хүртлээ.

Өнгөрсөн жил Парист медалийн оосроос атгаад алдаж байсан тэрээр энэ жил алдаагаа засаж, энэ удаагийн ДАШТ-ий хоёр дахь хүрэл медалийг эх орондоо авчирлаа.

Б. Шоовдор шигшээ 16-д Америкийн Женна Буркертийг 1:1-ээр ялж, шигшээ наймд Азийн дэд аварга Энэтхэгийн Сарита Саритаг оноогоор цэвэр (10:0) ялсан юм. Улмаар хагас шигшээд ДАШТ-ий хошой хүрэл медальт Туркийн Элиф Есилирмакт ялагдаж, хүрэл медалийн төлөө Пан-Америкийн аварга Мексикийн Алехандра Ромеро Бониллаг ялснаар дэлхийн медалийн тавцанд зогслоо.

Өнөөдөр эмэгтэйчүүдийн 72 кг-ийн жинд дэлхийн аваргын гурван хүрэл медальт МУГТ О.Насанбурмаа алтан медалийн төлөө Канадын бөх Жастина Ди Стасиотой, 65 кг-д Х.Болортуяа дагах барилдаанд оросын Мария Кузнецоватай барилдаж ялбал хүрэл медалийн төлөө барилдана.

Харин энэ удаагийн ДАШТ-д жин өгсөж, 68 кг-ын жинд барилдсан олимпийн хүрэл, дэлхийн хошой аварга С.Батцэцэг Сенегал, Шведийн бөхчүүдийг ялж шөвгийн наймд үлдсэн ч хагас шигшээд Америкийн бөх Мариама Менсад ялагдсанаар ДАШТ-ийг өндөрлүүлж байна.

Энэ удаагийн ДАШТ-д манай улсаас 21 тамирчин оролцож байгаа тэмцээн маргааш өндөрлөнө.