Нөхөртөө зодуулж олон жил гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн В.Содончимэг олон нийтэд хандлаа.

Тэрээр “Гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа олон эмэгтэйчүүд хүүхдүүдийн төлөөл болж мэдээлэл хийж байна. Хэн нэгнийг буруутгаж, гүтгэх, ямар нэгэн ашиг сонирхолгүй” гэлээ.

В.Содончимэг нь 2009 онд Б.Ганзориг гэх залуутай гэр бүл болж хоёр охинтой болжээ. Харин түүний нөхөр Б.Ганзориг хамт амьдарсан цагаасаа эхлэн түүнийг зодож, доромжилдог болсон байна.

“Өмнөх зодсон нь хөх няц болсон байхад нэмээд зоддог. Үстэж зулгаана, хаа таарсан газраа цохино. Биеийн бусад хэсэгт зодож, дэвсэлнэ. Нөхрийнхөө энэ байдлыг эцэг эхэд нь хэлэхэд тоогоогүй. Хүүгээ намайг зодохыг үзвэр үзэж байгаа мэт харж зогсдог болсон. Энэ байдлыг тэсэлгүй 2014 онд шүүхээр гэр бүлээ салгуулсан” гэж В.Содончимэг хоолой зангируулан ярилаа.

Гэхдээ хүчирхийлэл үүгээр зогсоогүй байна. Түүний нөхөр өөр эхнэртэй болсон ч өнөөдрийг хүртэл түүнийг зодож, дарамтлан, байр машинаа авна гэх зэргээр шинэ эхнэртэйгээ нийлж дарамталдаг гэлээ. Энэ байдлаас үүдээд удаа дараа шүүх, цагдаад хандсан ч хэрэгсэхгүй орхидог тухай тэрээр ярьлаа.

Тухайлбал, хамгийн сүүлд энэ оны нэгдүгээр сард гэрийнх нь гадаа хүүхдийнх нь хажууд зодож гэмтэл учруулсан байна. В.Содончимэг шүүх эмнэлгээр гэмтлийн зэргээ тогтоолгон БЗД-ийн Цагдаагийн хэсэгт гомдол гаргасан ба зөрчлийн хэрэг үүсгэн шалгасан ч одоогоор ямар ч арга хэмжээ аваагүй байна.

Хэргийн талаар өмгөөлөгч Г.Лхагвасүрэн “В.Содончимэг өөрийгөө олны өмнө хохирогч гэдгээ зарлахад амаргүй байгаа. Б.Ганзориг гэх хүн эхнэрээ удаа дараа зодсон нь тогтоогдсон байхад цагдаагийн байгууллага өнөөдрийг хүртэл арга хэмжээ аваагүй. Тиймээс Хүний эрхийн комисс, Дүүрэг, хорооны засаг дарга, Хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагуудад хандаж дахин гэр бүлийн хүчирхийлэлд өртөхгүй байхад анхаарч өгнө үү хэмээн хүсэлт илгээнэ. Хууль хяналт, төрийн байгууллагууд хүчирхийллийн тухай хуулиа хэрэгжүүлэхгүй байгаа нь гэр бүлийн хүчирхийллийг өөгшүүлэх шалтгаан болж байна” гэлээ.

Мөн хохирогч эмэгтэй өөрийнхөө эрхийг эдэлж, хүүхдүүд болон нийгмийнхээ сайн сайхны төлөө мэдээлэл хийж байгаа гэсэн юм.

Энэ асуудалтай холбоотойгоор ЦЕГ болон БЗД-ийн цагдаагийн хэлтэстэй холбогдоход тодорхой хариу өгөөгүй юм. Дашрамд дурдахад, Манай улс 2016 онд Гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хуулиудыг шинэчлэн баталсан байдаг.