НИТХ-ын ээлжит хуралдаанаар Засгийн газрын 62-р тогтоолын хэрэгжилтийн явцын талаар хэлэлцлээ. Тавдугаар сарын нэгнээс түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон уг тогтоолын хүрээнд Улаанбаатарт байгаа яндангийн тоог цөөлөх, байгаль орчны хууль тогтоомжийн норм стандартыг чангатгах талаар танилцуулсан байна.

Нийслэлд 196 мянга гаруй зуух, 260 мянга гаруй уурын зуух ажиллаж байгаа юм. Тиймээс утааг бууруулах ажлыг Улаанбаатарт түлхүү хэрэгжүүлж байгаа ба түлш үйлдвэрлэлийн чиглэлээр 6000 тн сайжруулсан түлш нөөцөлсөн байна.

Мөн цаашид нэг тонноос дээш том багтаамжтай таван агуулах барихаар төлөвлөсөн бөгөөд нийслэлд ажиллаж байгаа бага оврын уурын зуухнуудад шүүлтүүр тавих гэнэ.

Түүнчлэн БГД-т жилдээ 10 тонн түүхий нүүрс түлж агаарт тодорхой хэмжээний бохирдол үүсгэж байсан зорчигч тээврийн галт тэрэгт шүүлтүүр тавьсан юм. Тус шүүлтүүрийг энэ онд багтаан үйлчилгээнд явж байгаа бүх галт тэргэнд тавихаар төлөвлөжээ.

Сануулбал, Улаанбаатарт байгаа 220 мянган гэр хорооллын айл өрх ганцхан өвөл дунджаар 1.2 сая тонн нүүрс түлдэг байна.