МҮЭХ, багш нарын үйлдвэрчний эвлэлийн хороо Засгийн газартай харилцан тохиролцож, өнөөдрөөс ажил хаялтаа зогсоож, Даваа гарагаас хичээл сургуулийн үйл ажиллагаа хэвийн явагдахаар боллоо.

Багш нарын шаардлагын хариуг судалж, Засгийн газраас дараах шийдвэрийг гаргалаа.

  • Багш нарын цалинг шатлалаар бус, үндсэн цалинг ижил түвшинд нэмэхээр боллоо. Ингэснээр бүх багшийн цалин 12.3 хувиар нэмэгдэнэ,
  • Цалин нь нэмэгдээгүй байсан тогооч, манаач зэрэг  23 мянга орчим туслах ажилчдын цалинг найман хувиар нэмнэ,
  • Ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс эхлэн ачааллын үнэлгээний системийн нэвтрүүлж, нормоос давсан хүүхэд бүрийн тоогоор нэмэгдэл хөлс олгох,
  • 2014 онд төрийн албан хаагчдын цалингийн сүлжээг шинэчлэхдээ багш нарын цалинг эмч нарынхаас 4.3 хувийн зөрүүтэй тогтоосныг арилган, шаардагдах 14.5 тэрбум төгрөгийг гаргах,
  • 2019 оноос багшийн цалинг 20-иос доошгүй хувиар нэмэх,
  • Ажил хаясан үеийн цалинг нөхөж олгох зэрэг шийдвэрүүдийг гаргалаа.

Мөн энэ оны төсөвт батлаад байсан урамшууллын 300 мянган төгрөгийг олгохгүйгээр үндсэн цалинд оруулахаар боллоо.

Харин багш нарын үйлдвэрчний эвлэлийн зүгээс тавьсан шаардлагаа улс эх орны өнөөгийн байдалтай уялдуулан дээрх шийдвэрт хүрснээр ажил хаялтаа түр зогсоож байгаа гэдгээ мэдэгдлээ.

Гэхдээ ирэх оноос цалин хэр нэмэгдэхээс шалтгаалан бүр зогсоох эсэхээ шийднэ гэлээ. Харин ажил хаясан хугацаан дахь хичээлийн хоцрогдлыг агуулгаар нь нөхөхийг БСШУСЯ-аас ажил хаясан сургууль болон, орон нутгийн Боловсролын газарт үүрэг болгож, заавар зөвлөмж өгч ажиллахаар боллоо.