Төрийн албан хаагчдын цалинг 8-30 хувь нэмсэн Засгийн газрын шийдвэртэй холбогдуулан МҮЭХ-оос мэдээлэл хийлээ.

Тэдний зүгээс Засгийн газар хэлэлцээрээсээ зөрсөн хэмжээнд цалин нэмсэн учир эсэргүүцэж, Үйлдвэрчний эвлэлийн гишүүн байгууллагуудын хамтаар хөдөлмөрийн хамтын маргаанаа үргэлжлүүлэхээ мэдэгдсэн бол багш нар ажил хаялт эхлүүлнэ гэдгээ мэдэгдлээ.

Тодруулбал, “цалинг найман хувиар нэмж байгаа нь 2018 оны инфляцийг хаахтай үгүйтэй л тоо. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд цалинг нэг ч удаа нэмээгүй, төгрөгийн ханш 40 хувиар унасан. Мөн жил тутам бензин шатахуун, бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байна. Үүнээс үзэхэд хамгийн багадаа 37.5 хувиар цалин нэмж байж худалдан авах чадварыг хадгалж чадна” гэж МҮЭХ үзлээ.

Хагас жилийн байдлаар нэг их наяд төгрөгөөр орлого давж биелсэн, 700 орчим тэрбум төгрөгийн зардал хэмнэгдсэн байна. Гэтэл өнгөрсөн жил багш нарт урамшуулал хэлбэрээр олгоно гэж шийдвэрлэсэн 56.5 тэрбумаа цалин нэмэгдүүлэх нэрийдлээр олгож байгааг бодит нэмэгдэл, хэлэлцээрийн үр дүн гэж харах үндэслэлгүй гэж багш нар үзлээ.

Харин Эрүүл мэндийн салбарынхан  сувилагчийн цалинг 12-30 хувь хүртэл нэмж байгаа нь тэмцлийн бодит үр дүн хэдий ч, эмч нарын цалинг ямар үе шаттайгаар хэзээнээс нэмэгдүүлэх нь тодорхой бус байгаа тул хөдөлмөрийн хамтын маргаан эхлүүлэхэд бэлэн буйгаа мэдэгдлээ.

Засгийн газрын гурван талт хэлэлцээр үр дүнд хүрээгүй, түүнчлэн цалин нэмэхдээ үйлдвэрчний эвлэлийн саналыг тусгаагүй, цалин нэмж буй мэт боловч валютын тохироо хийж байгаа зэргээс үүдээд багш нар ажил хаяхаа мэдэгдсэн бол эрүүл мэнд болон урлагийн салбарынхан ирэх долоо хоногоос ажил хаях эсэхээ шийдвэрлэнэ гэлээ.