Хичээлийн шинэ жил эхэлж, хүүхэд бүр баяртайгаар сургууль руугаа яарсан завгүй өглөө эхэллээ. Гэвч бүх сургууль баяртайгаар хичээлийн шинэ жилээ эхэлж, сурагчдаа хүлээн авсангүй.

Учир нь нийслэлийн хэмжээнд 12 сургуулийн багш нар Засгийн газраас цалин нэмэх чиглэлээр гаргасан шийдвэртэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлж хугацаагүй ажил хаялт зарлалаа.

Тодруулбал, одоогийн байдлаар Эрдмийн өргөө, 93, 79, 92, 97, 102, 18, 26, 34, 41, 114 болон Ирээдүй сургуулиуд ажил хаялтад нэгдээд байна.

Уг нь Засгийн газар багш нарын цалинг 8-12 хувиар нэмэх шийдвэр гаргаж, мөнгөн урамшуулал хэлбэрээр олгох 300 мянган төгрөгийг есдүгээр сарын нэгнээс сургуулиудын цалингийн дансанд оруулахаар болсон юм. Мөн 2019 оноос цалинг 50 хувиар нэмэх асуудлыг зөвшилцлийн замаар шийдэж, үе шаттайгаар нэмнэ гэжээ.

Гэвч багш нар энэ оны улсын төсөвт тодотгол хийж, үндсэн цалинг 15 хувиар нэмэх, 300 мянган төгрөгийн урамшууллыг 10 сарын нэгнээс олгох, 2019.01.01-ээс цалинг 50-иас доошгүй хувиар нэмэх, ажил хаялтад оролцох ажилчдын цалинг бүрэн олгохыг шаардсан байна. 

Монголын үйлдвэрчний эвлэлд есдүгээр сарын нэгний байдлаар ЕБС-ын 70 сургууль, 87 цэцэрлэг ажил хаялтад нэгдэх саналаа ирүүлсэн байна. 

Сонирхуулбал, энэ жил улсын хэмжээнд нийт 30,000 багш ажиллах ба 27.3 мянга нь төрийн өмчийн, 2.7 мянга нь хувийн өмчийн сургуульд багшлах юм.