Багш нарын ажил хаялт найм дахь өдрөө үргэлжилж, Чингисийн талбайд дахин жагслаа. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 150 гаруй сургууль цэцэрлэг ажил хаяад байна.

Есдүгээр сарын гурванаас эхэлсэн багш нарын ажил хаят цар хүрээгээ тэлж, сургуулийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж, үр дүнд 100 мянга гаруй хүүхэд гэрийнхээ мухарт шигдэн сууцгааж байна.

Багш нарын ажил хаялтыг зөв гэж үзэх нэг хэсэг байхад, сурагчдын эрх ашгийг умартан ажлаа хаялаа гэх иргэд ч байгаа юм. Харин энэ бүхнийг бодлогоор зохицуулж, зангидах ёстой төрийн түшээд, эрхэм дарга сайд нар “дахин цалин нэмэх боломжгүй, Засгийн газар өр зээл ихтэй байна гэхээс өөр олигтой шийдэл гарц гаргалгаа хэлсэнгүй дүлэгнэсээр.

Тухайлбал, Сангийн сайд болон БСШУСЯ-ны сайд ажил хаялттай холбоотойгоор дараах мэдэгдлийг цахим хуудаснаа мэдээлжээ.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “энэ засаг ажлаа авснаас хойш 698 тэрбум төгрөгийн өр төлсөн. Дахин он дуустал 875.35 тэрбум төгрөгийн өр төлнө. Засгийн газраас байгаа боломжийн хэрээр цалинг нэмсэн. Ийм их өр тавиагүй бол олон асуудлыг шийдэх боломж байсан” гэжээ.

Харин БСШУСЯ-ны сайд Ц.Цогзолмаа “Миний бие дангаараа цалин нэмэх шийдвэрийг гаргах боломжгүй. Иймд багш нар хүүхдийн эрх ашгийг хохироох замыг сонгохгүйгээр ширээний ард зөвшилцөлд сууж, асуудлаа ул суурьтай судалгаатай шийдвэрлүүлэхийг хүсэж байна” гэжээ.

Харин багш нар шаардлагаасаа ухарч няцахгүй гэдгээ илэрхийлсээр байгаа юм. Тэд цалинг 8-12 хувь ялгаварлан нэмсэн нь шударга бус, 2014 оноос нэг ч төгрөгөөр нэмэгдээгүй цалинг нэмсэн дүр үзүүлж валютын тохироо хийлээ гэв. Улмаар энэ сараас эхлэн цалинг 15 хувь, ирэх оны нэгдүгээр сараас 50 хувиар нэмснээр цалингийн бодит нэмэгдэл гарч ирнэ гэжээ.

Эхний ээлжид цалинг 15 хувиар нэмэхэд 34 тэрбум шаардлагатай гэдгийг МҮЭХ-оос хэлж байгаа юм. Харин энэхүү мөнгийг төсвийн үргүй зардлыг танах, оффшорчдын мөнгийг оруулж ирэх зэргээр ажиллавал боломжгүй зүйл биш гэлээ.

Үүнээс үзэхэд эрх ашгийнхаа төлөө тэмцэж буй багш нарыг дан ганц буруутгах үндэслэл байхгүй юм. Гээндээ ч би гоондоо ч бий гэдэг шиг иргэд нь хөдөлмөрөө шударгаар үнэлүүлж чадахгүй, цалин нь амьдралд хүрэлцэхгүй байгаа нь иргэдийнхээ амьдралын баталгааг хангах үүрэгтэй төрийн уялдаагүй бодлого, буруу үйл ажиллагаатай холбоотой.

Олон эцэг эхчүүд багш нарыг Засгийн газартай эв түнжингээ олохыг хүлээж суугаа ч энэ янзаараа багш нар тэмцэж, хүүхдүүд хохирч, төр нь мэлзсэн өдрүүд хэр удаан үргэлжлэх нь тодорхойгүй хэвээр байна.