Цалингаа нэмэхийг шаардаж буй багш нарын ажил хаялт тав дахь өдрөө үргэлжилж, 70 гаруй сургууль цэцэрлэг нэгдээд байна. Тэд энэ сард багтаан бүх багшийн цалинг 15 хувиар нэмж, 2019 оны нэгдүгээр сард 50 хувь нэмэгдүүлэхийг шаардаж байгаа юм.

Гэвч Засгийн газар цалинг 8-12 хувиар нэмэх шийдвэр гаргасан тул дахин нэмэх боломжгүй гэсэн байна. Тэгвэл бусад улсад болсон багш нарын ажил хаялтын талаар сонирхуулъя.

Америк

Америкийн хэд хэдэн мужид болсон цалин, тэтгэвэр нэмэхийг шаардсан багш нарын ажил хаялт энэ оны хоёрдугаар сараас тавдугаар сар хүртэл үргэлжилсэн байна. Ийнхүү Засгийн газар нь багш ажилчдын цалинг 5-25 хувиар буюу 6000 хүртэл доллараар нэмжээ. Гэвч Кентаки, Хойд Каролина мужид ажилт хаялт одоо ч үргэлжилж байна.

Шинэ Зеланд

Шинэ Зеландын багш нар 20 гаруй жилийн дараа анх удаа цалин нэмэхийг шаардаж, ганцхан өдөр ажил хаялт зарлажээ. Уг ажил хаялтанд 30 мянга гаруй бага сургуулийн багш нар оролцсон байна. Улмаар цагийн хөлсний доод хэмжээг таван хувиар нэмэгдүүлж, 16.50 Шинэ Зеланд долларт хүргэжээ.

Аргентин

Аргентинд цалин нэмэхийг шаардсан боловсролын салбарын ажилчдын ажил хаялт энэ оны гуравдугаар сарын таванд эхэлжээ. Тэд цалинг 30-35 хувь нэмэгдүүлэхийг шаардсан ч хууль тогтоогчид 15 хувь нэмэх боломжтой гэсэн хариу өгсөн байна. Харин багш нар уг саналыг хүлээж аваагүй юм.

 

Словени

Словенид дундаж цалингаа нэмэгдүүлэхийг шаардсан 38 мянган багш энэ оны хоёрдугаар сард ажил хаясны улмаас ихэнх сургуулиуд хаалгаа барьжээ. Люблян хотын төв талбайд болсон томоохон жагсаалд 15 орчим багш нар оролцсон байна. Гэвч хууль тогтоох байгууллага цалин нэмэх боломжгүй гэсэн хариу өгчээ.

Литва

Тус улсын 50 гаруй сургуулийн 1000 орчим багш тавдугаар сард ажил хаялт зарлаж, цалин нэмэхийг шаардсан байна. Ийнхүү ажил хаялт зарлаад нэг хоног өнгөрөхөд Засгийн газар нь хөдөлмөрийн хөлсийг 2019 оны есдүгээр сар хүртэл үе шаттайгаар нэмэгдүүлэхээр болжээ.

Эх сурвалж: USA Today, Рот Фронт, Ru.Delphi, ChannelNewsAsia, UkrInform