Их хуралд 21 аймгийн 330 сум, нийслэлийн есөн дүүргээс сургуулийн өмнөх боловсролын 184, бага, дунд, тусгай хэрэгцээт, албан бус насан туршийн боловсролын 416, мэргэжлийн боловсролын 40, их дээд сургууль, коллежийн 68 багш төлөөлөгчөөр сонгогдон оролцож байна.

Ийнхүү 23 жилийн дараа болж буй түүхэн их хурлын нээлтэд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар үг хэлж, салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан зарим багшийг төрийн дээд цол тэмдгээр шагнасан юм.

Тухайлбал, Ерөнхийлөгчийн зарлигаар Г.Лхахүүг Ардын багш, Ч.Ганбилэг, Г.Гүндэгмаа, П.Дулмаа, М.Шагдарсүрэн, С.Цээпил, А.Эрдэнэбаатар, н.Лхагваа нарыг Гавьяат багш цол тэмдгээр шагнасан байна. Зохион байгуулагчдын мэдээлснээр Монголын багш нарын VII их хурлын төлөөлөгчдийн 20.6 хувь нь эрэгтэй, 79.4 хувь нь эмэгтэй багш байна.

Насны бүлгээр авч үзвэл:

  • 35 хүртэлх насны залуу багш 12.4 хувь,
  • 36-45 хүртэлх насны багш 28.8 хувь,
  • 46-55 хүртэлх насны багш 46.7 хувь
  • 56-65 хүртэлх насны багш 10.6 хувь,
  • 66-аас дээш насны ахмад багш 1.4 хувийг эзэлж байна.

Ажилласан жилээр авч үзвэл:

  • 2-9 жил ажилласан багш 8.3 хувь,
  • 10-19 жил ажилласан багш 24.6 хувь,
  • 20-29 жил ажилласан багш 35.4 хувь,
  • 30-39 жил ажилласан багш 29.2 хувь,
  • 40-өөс дээш жил ажилласан багш 2.4 хувийг эзэлжээ.

Боловсролын зэргийг авч үзвэл:

  • Доктор 23,
  • Магистр 307,
  • Бакалавр 324,
  • Дипломын 54,

Мэргэжлийн зэргээр авч үзвэл:

  • Зөвлөх 29,
  • Тэргүүлэх 265,
  • Заах аргач зэрэгтэй 159 багш байна.

Их хурлын хамгийн ахмад төлөөлөгч нь 91 настай гавьяат багш Ц.Балхаажав байгаа бол хамгийн залуу төлөөлөгч нь 22 настай Налайх дүүргийн 119-р сургуулийн багш Г.Тэгшсүрэн байгаа юм.