Нэг хэсэгтээ л нийгэм, улс төрийн топ сэдэв болж чадсан багш нарын ажил хаялт намжаад долоо ч хоноогүй байна. Гэтэл МАХН тэргүүтэй Иргэний зориг ногоон нам, Монголын үндэсний ардчилсан нам, Ногоон намын удирдлагууд багш нарын цалингийн асуудлаар мэдэгдэл хийлээ.

Тэд “багш нарыг сүрдүүлэх, хууран мэхлэх маягаар Засгийн газраас цалинг 20 хувь нэмж, тэмцлийг нь таслан зогсоосон. Цалинг 1.5 саяд хүргэх бүрэн боломжтой” гэж мэдэгдлээ.

Тодруулбал, байгалийн баялгийг ард түмний мэдэлд шилжүүлэх, Оюутолгойн гэрээг шинэчилж татварын мөнгөөр цалин нэмэх, оффшорт нуусан 17 тэрбум, Эрдэнэтийн 51 хувийг барьцаанд тавьсан хүнээр өрийг нь төлүүлж цалинг нэмэх зэрэг арга байгаа гэлээ.

Тэр ч бүү хэл “Багш нарын төлөө за гэж хэлцгээе” гэх уриалгыг хүртэл гаргаад амжлаа. Арав гаруй хоног ажил хаяж, эрх ашгийнхаа төлөө тэмцсэн багш нарын ард сөрөг хүчний намууд бий гэх хардлага олон нийтийн дунд хавчуулаастай байгаа юм.

Мэдээж эрх баригчдын толгой дээрх өвс болгоныг андахгүй ажиж, улстөржих нь сөрөг хүчин хийгээд бусад цөөнх намуудад ашигтай. Энэ утгаараа тэдний ард намууд байсныг үгүйсгэх араггүй. Нөгөө талаараа нэр төрөө золин байж тэмцсэн багш нарын үйл хэрэгт дөрөөлөн завшаан ашиглах гэсэн намуудын бяцхан заль ч байж болох.

МАН ч тэр МАХН, АН аль аль нь засаг барьж байх үед ард түмний амьдрал хангалуун сайхан, цалин нь амьдралдаа хүрэлцдэг он жилүүд байсан гэвэл үгүй. Өнөөдөр бугшчихаад байгаа авлига хээл хахууль, сахилга хариуцлагагүй байдал ч тэр аль алиных нь үед оршсоор ирсэн.

Харин хэрээ хэрээнийхээ харыг гайхав гэгчээр улс төрийн сөрөг хүчний төлөөлөл болсон намууд багш нарын лоозон дээр барьж жагссан хэдэн үгийг нийлүүлж тавьчихаад “цалинг нь нэм, та нарынхаа төлөө за гэж хэлнэ” гэх мэтээр мэдэгдэл хийж суугаа нь харин ч эсрэгээрээ тэдний тэмцлийг үнэгүйдүүлж, нийгэмд сөрөг харагдуулах хамгийн том хүчин зүйл болж байна.

Улс төржихөд хүртэл соёл, хэм хэмжээ, бодит үндэслэл байх хэрэгтэй. Эцэст нь хэлэхэд ард түмний төлөө за гэж улстөржих гэж байгаа бол ядаж үнэмшилтэй “жүжиглэх” хэрэгтэй нам уу даа.