Багш нарын ажил хаялт хоёр дахь өдрөө үргэлжилж, ажил хаяж буй сургуулийн тоо 41-т хүрээд байна. Багш нар цалинг 15 хувиар нэмэхийг шаардаж байгаа бол Засгийн газар цалинг 8-12.5 хувиар нэмчихээд байхад ажил хаяж байгаа нь хууль бус гэж мэдээлээд байна.

Тэгвэл цалин нь бодит байдал дээр 535-608 мянган төгрөг гэх багш нарын төлөөлөлтэй бид ярилцлаа. Боловсролын салбарт 28 дахь жилдээ багшилж буй Ш.Энхтуяа нийслэлийн 2 дугаар сургуульд гадаад хэлний багшаар ажилладаг.

Сайн байна уу? Танай сургууль өнөөдрөөс ажил хаялтад нэгдсэн байна. Хичнээн багш ажил хаялт зарлаад байна вэ?

108 багш ажилчин ажил хаялтад нэгдээд байна. Бид урамшуулал болгон олгох 300 мянган төгрөгийг энэ сард багтаан олгох, энэ сарын 15-ны дотор бүх багш ажиллагсдын цалинг 15 хувиар нэмэх, 2019 оны нэгдүгээр сараас цалинг 50%-иас доошгүйгээр нэмэгдүүлэх, ажил хаялтын үеэр гарах эрсдэлийг Засгийн газар хариуцахыг шаардаж байна.

Уг нь Засгийн газар боловсролын салбарынхны цалинг 8-12.5%-иар нэмсэн шүү дээ. Энэ тийм бага мөнгө гэж үү?

Бид хөдөлмөрөө бодитоор үнэлүүлэхийг хүсэж байна. Багш нар өнгөрсөн жилээс тэмцэж, ажил хаялт хүртэл зохион байгуулсан. Гэтэл Засгийн газар цалинг 30% хүртэл нэмнэ, урамшуулал хэлбэрээр хоёр удаа 300 мянган төгрөг олгоно гэж амласнаар бид ажил хаялтаа зогсоосон.

Гэвч Боловсролын яамнаас ирсэн шаардлагын хариуд урамшуулал хэлбэрээр олгох 300 мянган төгрөгийг энэ удаагийн 8%-н цалингийн нэмэгдэлд оруулж тооцно гэсэн байна. Тиймээс урамшууллын мөнгийг цалингийн нэмэгдэл гэж байгааг эсэргүүцэж байгаа юм.

Би 1991 онд багш болоод 1200, 1999 онд 50.000, 2003 онд 70.000 төгрөгийн цалин авч байсан. Одоо бол 608.457 төгрөгийг цалинтай. Ингээд татвараа төлөөд гар дээр 570-580 мянган төгрөгийн цалин авч байна. Бид шуналдаа баригдаад мөнгө нэхээд байгаа юм биш. Бидний цалин амьдралд минь үнэхээр хүрэлцэхгүй байгаа учраас нэмэхийг шаардаж байна.

Өнөөдөр ажилгүй байгаа залуу багш нарын төлөөлөл “Багш нарын голсон цалингаар ажиллах боловсон хүчин олон байна” гэж мэдээлэл хийлээ. Та үүнд ямар хариулт өгөх вэ?

Бидний оронд ажиллах 30 мянган багш зах зээлд байхгүй. Тэгээд ч бидний хуримтлуулсан мэдлэг туршлагыг гүйцэх шинэ багш гэж байхгүй. Монгол улсын боловсролоор тоглох гэж байгаа мэтээр ингэж гоомой мэдэгдэл хийж байгаад нь харамсаж байна. Багшийн ажлыг хийж үзээгүй байж хөндлөнгөөс битгий дүгнээч.

Багш нар эрхээ эдлээд ажил хаяж байгаа юм байна. Тэгвэл хүүхдүүдийн Үндсэн хуулиар олгогдсон сурах эрх зөрчигдөж, хохирч байна шүү дээ?

Мэдээж багш хүн дандаа хүүхдийн төлөө байж, хайрлаж хамгаалдаг. Бид хүүхдүүдийг хохироохгүй байх талаар маш сайн бодож байна. Бидний цалин нэмэгдэж сэтгэл хангалуун ажилласнаар боловсролын системийн чанар дээшилнэ. Ингэснээр хүүхдийн эрх хамгаалагдана.

Бага ангийн болон цэцэрлэгийн багш хамгийн ачаалалтай ажилладаг гэгддэг. Магадгүй тэдний цалинг арай илүү нэмэх шийдвэр гаргах нь зөв үү?

Боловсролын яам болон Засгийн газар бидэнтэй ямар ч эргэх холбоогүйгээр “Цэцэрлэгийн болон бага ангийн багш ачаалалтай ажилладаг” гэж байгаа нь буруу. Яг үнэндээ дунд болон ахлах ангийн багш нар өдөрт дор хаяж 200 хүүхэдтэй ажилладаг. Өглөө 08:00-18:00 цаг хүртэл хоёр ээлжид адилхан л ачаалалтай ажилладаг. Тиймээс цалинг ялгаварлаж нэмэх нь буруу гэж бодож байна.

Хуульд зааснаар цалин анги даасны урамшуулал, зэргийн нэмэгдэл гэх мэт их олон зүйлээс бүрддэг. Тэгвэл тэр цалинг хэн авдаг юм бэ?

Анги даасны урамшуулал 10%, заах аргын нэгдэл удирдвал 5%, зэргийн нэмэгдэл 10-20% байдаг. Гэхдээ энэ бол багш болгонд байхгүй. Цөөхөн багш л урамшуулал нэмэгдэл авч байна. Багш нэмэгдэл урамшуулал олгох шалгуурыг хангасан тохиолдолд сургуулийн удирдлагууд хэлэлцэж байж олгодог. Хоёр ээлжээр ажиллаж байгаа багш нарт хоолны нэмэгдэл гэж юу ч байдаггүй.

Илүү цагаар ажиллахад цалин дээр нэмэгдэл бодно гэж хуульд заасан байсан. Хоёр ээлжээр ажиллаж байгаа багш нар илүү цагийн мөнгө авдаггүй юм уу?

Хэрэв илүү цагаар ажиллавал шүү дээ. Гэхдээ илүү цагаар ажиллахгүй байхыг шаарддаг. Багш нар 7 хоногт 19 цаг заах ёстой. Бид нар 20 юмуу 21 цаг заахад л шинэ багш ажилд авчихдаг.

Багш нар мөнгөөр давтлага өгдөг, өдөр өнжүүлэх ажиллуулдаг зэргээр нэмэлт орлоготой гэх ойлголт нийгэмд байдаг. Энэ хэр бодитой вэ?

Энэ бол цөөн тооны багш дээр яригдах асуудал. Бага ангийн 30 багш байлаа гэхэд үсрээд нэг хоёр нь л өдөр өнжүүлэх ажиллуулж байгаа. Миний хувьд 28 жил багшлахдаа нэг ч удаа мөнгөөр давтлага өгч үзээгүй. Өглөө 08:00-18:00 цаг хүртэл сургууль дээр тасралтгүй ажиллаж хүүхдүүдэд үнэгүй давтлага өгдөг. Гэтэл би бага цалин авч байна.

Та бүхний тавьж буй шаардлагад багш нарын нийгмийн асуудал багтсан байна. Эдгээр нийгмийн асуудлуудаас дурдвал?

Манай сургуулийн 100 багшийн 96 нь цалингийн зээлтэй. Тэгээд насаараа шохой иддэг, шүдгүй болдог, маш их ярьж, асар их энерги шатааж, дандаа зогсоо ажиллаж байна. Оюуны ядаргааг хэн ч, хэзээ ч нөхөж чадахгүй. Эмнэлэгт үзүүлье гэхээр ажлын таван өдөр битүү ажиллаж байна. Амралтын өдөр ажиллах улсын эмнэлэг байдаггүй.

Хүүхдийн амралт болонгуут эмнэлэгт үзүүлдэг ч зөвхөн шинжилгээ төдий л хийлгэдэг. Орох оронгүй багш нар ч бий. Би социализмын үеэс л багшилсан. Гэтэл аль ч засгийн үед багш нарын нийгмийн асуудлыг анхаарч байгаагүй. Арай гэж сард 11.200 төгрөгийн унааны мөнгө олгож байна. Багш хичээлийн тарааж өгөх материал, шохой, бичгийн цаас принтер зэргийг цалингаараа бэлддэг.

Бичгийн цаас зэрэг хэрэглэгдэхүүнийг улсаас өгдөггүй юм уу?

Журнал компьютер хоёр л өгдөг. Гарын авлага, бичгийн цаас, тараах материал, шохой зэргийг цалингаараа бэлдэж байна. Мэдэхгүй байгаа хүмүүст хэлье. Би 20 хүүхдэд 40 минутын зөвхөн нэг удаагийн нээлттэй хичээлийн тарааж өгөх, материал, гарын авлага зэрэгт 23 мянган төгрөг зарцуулсан. Тэгээд эдгээр нь дараа нь новш болоод үлддэг. Хайран цаас үргүй зардал болж байна. Тиймээс улс энэ мэтийг бодолцож олон дахин ашиглагдах зүйлийг бэлддэг байх нь зүйтэй.

Бид нар амьдрал ядуураад үхлээ гэж хэлээгүй ш дээ. Эзэмшсэн мэргэжил боловсролынхоо үнэлэмжид таарсан цалинг авмаар байна. Жишээ нь, Орост дөнгөж багшилж байгаа хүн 13 мянган рублийн цалин авч байна.

Ажил хаялтад оролцож байгаа багш нарт сургуулийн удирдлага болон яамнаас дарамт ихээр ирж байгаа гэсэн. Танд ямар нэгэн дарамт ирсэн үү?

Ирсэн. Сургуулийн удирдлагаар дамжуулан “болж өгвөл ажил битгий хаяач, энэ ажил хаялт хууль бус” зэргээр дарамталж, зогсоо зайгүй бичиг баримт шаардаж байна. Харин Засгийн газар цалин нэмчихээд байхад хууль бус ажил хаялт зарласан гэж хөдөлмөрлөх эрхээ хамгаалж байгаа нийт багш нарыг дарамталж байгаа.

Хэрэв Засгийн газартай тохиролцож чадахгүй хүүхдүүдийн хичээл удаан хугацаанд завсардвал яах вэ?

Багш нар ажил хаялтын явцад хэзээ ч хүүхдийг хохироодоггүй. Дараа нь хичээлээ шахаж, нөхөж ордог. Өгөх ёстой агуулга стандартыг хангадаг гэж бодож байна. Манай агуулга стандарт танхимын сургалтандаа ахаддаг, хөтөлбөр төлөвлөгөө байнга солигддог зэргээр Монгол улсын боловсролын тогтолцоо өөрөө тогтворгүй байгаа нь сурагчдын сурлага амжилтад муугаар нөлөөлдөг гэдгийг ойлгох хэрэгтэй.

Цаг гаргаж ярилцсанд баярлалаа.