Байгалийн түүхийг музейг нураах шүүхийн шийдвэр гараагүй байхад музейн барилгын 90 гаруй хувийг нураагаад байна. Өөрөөр хэлбэл, Байгалийн түүхийн музейн зөвхөн нүүрэн хэсэг үлджээ. 

Үүнд ундуйцсан иргэд, “Сэтгэл эмзэглэж байна, Түүхийг үгүй хийлээ, Ингэж байхаар бүрмөсөн нураа, Музейг нураалгасан дарга нарыг түүх мартахгүй” гэх шүүмжлэлийг сошиалд илэрхийлээд байна. 

Тэгвэл Улаанбаатар хотын соёлын өвд хамаарах, ард түмний хайртай музейг аврах боломж одоо ч байна. Тодруулбал, Канадын байгалийн музей, Гэгээн Жэйний бэхлэлт, Еврейн хороо, Будапештын урлагийн музей, Германы Гэгээн Марийн сүм, Хөгжмийн зохиолч Шофений музей зэрэг дэлхий дахинаа алдаршсан, түүхэн барилгуудаас жишээ авч болно. 

Канадын байгалийн музей нь 1905 онд баригдсан бөгөөд баригдах явцдаа нүүрэн хэсэг нь цуурч, далийж эхэлсэн байна. Улмаар 2004 онд 216 сая доллароор хуучны хэсгүүдийг сэргээн засварлаж, зарим хэсгийг орчин үеийн болгон өөрчилсөн байна. Ийнхүү шинэчилснээр 10 сая үзмэртэй тус музейгээр үйлчлүүлэх иргэдийн тоо эрс нэмэгдсэнээс гадна түүхэн барилгаа хэвээр нь хадгалан үлдэж чаджээ. 

Харин 11 зууны үед баригдсан Гэгээн Марийн сүм дэлхийн хоёрдугаар дайны үед дэлбэрэлтэд өртөж, хоёр хана, нэг хөшөө л үлдсэн байна. Үүнээс хойш тус сүмийг дайны дурсгалын газар болгон зарласан ба 1993 оноос шинэчлэн, засварлах ажлыг эхлүүлсэн юм. 

Засвар, шинэчлэлийн ажил 2005 онд дууссан бөгөөд нийт 180 сая евро зарцуулсан байна. Дрезден хотод байрлах сүмийн балгасыг ийнхүү сэргээн засварласнаар 2008 он хүртэлх хугацаанд долоон сая хүн зочилжээ. Мөн үүнээс хойш Европ даяар хуучин барилгуудаа засварлаж эхэлсэн юм. 

Тэгэхээр эдгээр жишээнүүдийн адилаар Байгалийн түүхийн музейн нүүрэн хэсгээс үргэлжлүүлэн шинэ барилгыг барих боломж байна. Тэгээд ч нураалгүй үлдээсэн нүүрэн хэсгийн таван багана орчимд уран барилгын элементүүд орсон гэж Байгалийн түүхийн музейн захирал Д.Зоригтбаатар мэдэгдэж байсан юм. 

Иймд Засгийн газар Байгалийн түүхийн музейг Их тэнгэрийн аманд шинээр барих шийдвэрээ эргэн харж, нуралгүй үлдсэн нүүрэн хэсгээс үргэлжлүүлэн шинэ барилгыг баръя. 

Хэрэв уран барилгын элемент орсон, Улаанбаатарын түүхийг хадгалсан Байгалийн түүхийн музейн нүүрэн хэсгийг авч үлдэж чадвал хожмоо дэлхийн найм дахь гайхамшиг болохыг ч үгүйсгэхийн аргагүй юм.