Хуваарийн дагуу ажлын хэсэг болон байнгын хороод хуралдаж, дараах асуудлыг хэлэлцэнэ.

Ажлын хэсэг:

  • Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Радио долгионы тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас “В” танхимд;
  • Эрүүл мэндийн тухай болон Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас Нээлттэй сонсголын танхимд;
  • Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 11.00 цагаас “Г” танхимд.

Хууль зүйн байнгын хороо:

  • “Түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Л.Болд нарын 6 гишүүн 2018.11.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 15 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан төсөл/;
  • Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 01 дүгээр дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан төсөл/;
  • Улсын ерөнхий прокурорын орлогч нарыг зөвшилцөх тухай асуудал.

Төрийн байгуулалтын байнгын хороо:

  • “Зарим албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2019.04.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • “Цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2019.04.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • МҮОНРТ-ийн удирдах зөвлөлийн гишүүнийг томилох тухай асуудал;
  • Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2018 оны үйл ажиллагааны тайлан.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо:

  • “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.