БЗД-ийн тавдугаар хороо, 15-р хорооллын наймдугаар байрны хоёрдугаар орцны дэргэд шингэн бодис газарт асгарсан байна гэх мэдээлэл Даваа гарагийн 13:48 цагт ирсэн байна. 

Уг мэдээллийн дагуу ОБЕГ-ын харьяа Гамшиг судлалын хүрээлэнгийн нэг алба хаагч, Үндэсний аврах бригадын химийн бүлгийн таван алба хаагч газар дээр нь очжээ. Улмаар 2.25 м2 талбайд аммиак асгарсан байсныг дээж авч хэмжилт хийхэд хүний биед аюул учруулах түвшинд байгаагүй гэнэ. 

Иймд хөрсийг хуулан авч усаар саармагжуулан аюулгүй болгон тус дүүргийн Цагдаагийн байгууллага, НМХГ-т тус газрыг хүлээлгэн өгсөн байна. 

Сануулбал, өнгөрсөн зургадугаар сард Төгс ялгуун эмнэлгийн байранд химийн бодис алдагдсан осол гарсан юм. Ослын дуудлагын дагуу алба хаагчид эмнэлгийн 2х4 метрийн хэмжээтэй өрөөнд асгарсан байсан 2.5 литр формалиныг саармагжуулсан байна.