Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тухай Монгол- Хятад- Оросын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэх Хамтарсан хорооны анхдугаар хурал Өвөрмонголын Манжуур хотноо боллоо.

Хурлаар 2016 онд байгуулсан Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тухай хэлэлцээрийг хэрэгжүүлэх асуудлыг хэлэлцэж талууд санал нэгдсэн байна.

Тухайлбал, дээрх хэлэлцээрийн хүрээнд 2020 онд ашиглах зөвшөөрлийн бичгийн тоог тохирох, Азийн авто замын сүлжээний АН-4 коридорын дагуух тээврийн маршрутыг нээх, зорчигчдын тогтмол бус тээврийг эхлүүлэх асуудалд санал нэгдлээ.

Мөн Хятадын талаас дээрх хэлэлцээрийн дагуу энэ онд олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх зөвшөөрлийн бичгийг Монгол, Оросын талд хүлээлгэн өгснөөр уг хэлэлцээр бүрэн утгаараа хэрэгжиж эхэллээ.

Ингэснээр манай улсын автотээвэрчид өөрийн тээврийн хэрэгслээр Азийн автозамын АН-3 сүлжээ буюу Тяньжин-Улаанбаатар-Улаан-Үд болон АН-4 сүлжээ болох Хонгираф-Үрэмчи–Ховд–Баян-Өлгий-Барнаул-Новосибирск хотын чиглэлд тээвэрлэлт гүйцэтгэх бодит боломж бүрдэж байна.

Гурван улсын хамтарсан хорооны уг хуралд ЗТХЯ-ны Дэд сайд Л.Халтар, Хятадын Тээврийн дэд сайд Лью Шаомин, Оросын Тээврийн яамны Автотээвэр болон хотын зорчигч тээврийн төрийн бодлогын газрын дарга Алексей Сергеевич Бакирей нар ахлан оролцжээ. 

Мөн хамтарсан хорооны дараагийн хурлыг 2020 оны эхний хагаст багтаан Монголд зохион байгуулахаар тохиролцсон байна. Дээрх хэлэлцээр бүрэн утгаараа хэрэгжиж эхэлбэл манай улс Хятадаас гадна Оросоор дамжуулан Европын орнуудад олон улсын тээвэрлэлт хийх боломж нээгдэх юм. 

Ингэснээр манай улсын гадаад худалдаа 20 орчим хувиар нэмэгдэж, 200 орчим жолооч байнгын ажлын байртай болж, олон улс дамнасан зам тээврийн дэд бүтцийг дагаад 3000-4000 ажлын байр нэмэгдэнэ гэсэн урьдчилсан тооцоог албаныхан хийсэн юм.

Дашрамд дурдахад, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр болон тээврийн салбарын олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилт тусгасан юм.