Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ эхний наймдугаар сарын байдлаар улсын хэмжээнд зургаан хувиар өсчээ. Гэхдээ энэ нь өнгөрсөн сараас 0.8 хувиар буурсан үзүүлэлт юм.

Үнийн өсөлтөд хүнсний бараа, ундаа, ус, сүүн бүтээгдэхүүн, согтууруулах ундаа тамхи, шатахуун, эм тарианы үнэ голлон нөлөөлжээ.

Тухайлбал, өмнөх оноос хий болон түлш шатахууны үнэ 15.8 хувь, эм тариа, эмнэлгийн үйлчилгээний үнэ 12.7 хувиар өссөн нь бусад бараа бүтээгдэхүүн, бүлгийн үнээс хамгийн их өссөн үзүүлэлттэй байна.

Харин нийслэлд барааны үнэ эхний наймдугаар сарын байдлаар өмнөх оны мөн үеэс 6.4 хувиар өсчээ. Өсөлтөд,

  • Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ 5.7 хувь,
  • Орон сууц, ус, цахилгаан, түлшний бүлгийн үнэ 15.7 хувь,
  • Согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 8.2 хувь,
  • Тээврийн бүлгийн үнэ 4.7 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.

Гэхдээ өнгөрсөн сартай харьцуулахад хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ үл ялиг буурсан үзүүлэлттэй ч хэрэглээний сагсны 344 нэрийн 126 бараа, үйлчилгээний үнэ өсч, 94 барааны үнэ буурч, 27.3 хувь нь тогтворжсон үзүүлэлттэй байна. Түүнчлэн хүнсний гол нэрийн 100 барааны 31 хувь нь үнээ нэмжээ.

Дашрамд дурдахад, хэрэглээний сагс гэдэг нь өрхийн хэрэглээний өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний жагсаалт юм. уг жагсаалтад хүн амын хэрэглээг төлөөлөхөд зайлшгүй шаардлагатай бараа, үйлчилгээг хамруулдаг байна.