Хотын дарга С.Амарсайхан Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Барилгын эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх төслийн захирал Дэвид Хэнкокийг хүлээн авч уулзлаа.

Германы хамтын ажиллагааны байгууллагаас нийслэлд дулааны алдагдалгүй орон сууц барих, цаг уурын онцлог нөхцөлд тохирсон барилгын дулаалгын материалын технологийг нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллахаа мэдэгдлээ.

Хүйтний улиралд гэр хорооллын яндангийн утаа агаарын бохирдлын цөм эх үүсвэр болж байгаа юм. Үүний нэг шалтгаан нь иргэд орон сууц, гэрийнхээ дулаан алдагдлыг бууруулаагүй, стандартын дулаалгын материал ашиглаагүй зэргээс үүдэн галлагаа, цахилгаан зарцуулалт зэрэг нь нэмэгддэг байна.

Тэр тусмаа эрчим хүчний хэмнэлттэй технологи ашигласан барилга, орон сууц барих нь өнөөгийн тулгамдаж буй асуудлуудын нэг болоод байгааг мэргэжилтнүүд хэлж байгаа юм.

Иймд тус байгууллагын санаачилгыг бүх талаар нь дэмжиж,  дулааны алдагдалгүй байшин барилга барих, эрчим хүч хэмнэсэн шинэ технологи нэвтрүүлэх чиглэлд хамтран ажиллана гэдгээ Хотын дарга мэдэгджээ.

Дашрамд дурдахад, Америкийн Бригам Янгийн их сургуулийн оюутнуудын инженерийн баг нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах үүднээс нүүрс түлдэггүй шинэ гэр төслийг СХД-т хэрэгжүүлж эхэлсэн юм.

Зураг: НЗДТГ